АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Райгэний хүүдээ бичсэн захидал олон нийтийг шуугиулж байна

АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Райгэн хүүдээ зориулан хуримынх нь өмнө энэхүү захидлыг бичсэн байна.
1971 оны 6 сар. Манхатэн эрэг, Калифорн.
“Азгүй гэрлэлт”-ийн тухай тэнэмэл яриа олон байдаг. Заримаас нь чи аль хэдийн сонссон биз. Гэвч өөр бас нэг тал бий. Хүний амьдралын хамгийн утга учир бүхий нандин харилцааг чи эхлүүлэх гэж байна. Ямар байх нь чамаас ихээхэн шалтгаалах тэр нандин харилцаа.
Зарим хүн өөрийн хүслээр баахан “манаргахаа” эр хүний шинж, тийн явахыг нь гэргий нь мэдээгүй бол асуудалгүй хэмээн эндүүрэх нь бий. Үнэндээ эхнэр хүн далд зөн совингоороо нөхрийнхөө ил, далд үйлдсэн бүхнийг мэдэрч байдаг юм шүү. Тийм зүйлээс болж л гэр бүлийн харилцаа хөрж эхэлдэг. Бүхнийг өөрөө сүйтгэж хаясан атлаа болоод өнгөрсөнд эхнэрээ буруутгах эрчүүд бас бий. Физикийн нэг хууль байдаг юм. Хөдөлгөөнд чи юу оруулна, тийм үр дүн гаргаж авна гэж. Гэрлэсэн амьдралдаа өөрийгөө хагас зориулдаг хүн амьдралаасаа мөн тийм хэмжээний үр дүн хүлээн авна гэсэн үг шүү дээ.
Аав нь хүүдээ захиж хэлье. Нэг бүсгүйг насан туршид нь баяр хөөрт умбуулан, чухам түүгээрээ эр хүний шинжээ харуулж явах шиг хосгүй сайхан зүйл нөхөр хүнд үгүй билээ. Хурхирахыг чинь сонсож, өвдсөн үед чинь арчилж, бохир хувцасыг чинь угааж буй ч тэр эмэгтэйд чамайг бүрэн хайрлаж, бүрэн сонгох хүртэл хугацаа байдаг юм шүү. Сэтгэлийг нь итгэлээр эзэмд. Тэгээд түүнд чи бол хайраар хөглөгдсөн гэргий хүн гэдгийг нь ямагт мэдрүүлж яваарай. Амьдралын хамгийн сайхан уянгалаг хөгжим чухам энэ үеэс эгшиглэж эхэлдэг юм. Хэрэв чи эхнэртээ үнэхээр хайртай бол хардуулах элдэв шалтгаанаас хол бай.
Баяр хөөргүй гэр бүл , тэр гэр бүлийн хүмүүс ямар байдаг гэдгийг чи сайн мэднэ. Нэгэн зөвт гэр бүл үүсгэх хариуцлага чиний өмнө тулгарч байна. Ажил тараад харихад цаана нь чиний хөлийн чимээг тэсэн ядан хүлээн суугаа нэгэн бүхий гэрийнхээ хаалганд дөхөн очих шиг баяр хөөр өөр хаана ч үгүй юм шүү.
PS: Эхнэртээ “Би чамд хайртай” гэж өдөрт нэг удаа боловч хэлж байгаарай.
Reagan: A Life in Letters, 2003. PRESIDENTIAL FOUNDATION.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …