Налайх дүүрэг нь 68,7 мянган га газар нутагтай. 2016 оны жилийн эцсийн дүнгээр 10349 өрхийн 36425 хүн амтай гэж бүртгэгдсэн бөгөөд хүн амын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан болон хүүхэд, залуучууд эзэлж байна. Өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвийн “Мэдээллиийн цагт” Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Засаг даргын Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч Ц.Нарандалай, Үйлдвэрлэл, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл өглөө.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Налайх дүүрэг нь иргэнээ дээдэлсэн, ажилтай, орлоготой, авлигаас ангид, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий аялал жуулчлалын төв дүүрэг болох” эрхэм зорилгын хүрээнд тэргүүлэх чиглэл, байршил, давуу тал зэргээ түшиглэн, олон бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах гараагаа эхлээд байна. УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Нийслэлийн Налайх дүүргийг барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистикт тулгуурлан хөгжүүлэхээр хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн парк нь 120 га газарт 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, улсын хэмжээний барилгын материал үйлдвэрлэл 2 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж, барилгын өртөг буурч, Налайх дүүрэг хот болон хөгжих эдийн засгийн үндэс суурь бий болох юм.
Мөн Налайх дүүрэг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Богд хан” төмөр замыг түшиглэн шинээр байгуулагдсан Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, Эмээлт, Аргалант зэрэг дэд төвүүдтэй дэд бүтцээр шууд холбогдон хөгжих боломжтой юм. Дээрх мега төслүүд хэрэгжсэнээр 2030 онд Налайх дүүрэг нь 65000 хүн амтай хот болж өргөжинө” хэмээн онцоллоо.
Налайх дүүрэгт 2017 онд нийтдээ улсын төсөв болон зээл тусламж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаас нэлээдгүй бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2 тэрбум 728 сая төгрөгийн 2 ажил:
- 700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажил үргэлжлэл хийгдэж байна.
- Мөн барилгын материалын аж үйлдвэрийн парк байгуулах
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 3 тэрбум 907.5 сая төгрөгийн 10 ажил:
Бүтээн байгуулалтын чиглэлээр:
- Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 45 хувьтай хийгдэж байна.
- Дүүргийн зам засвар
- Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
- Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн дээвэр, гадна засварын ажил
- Хүүхдийн эмнэлгийн барилгын дээвэр гадна талын засварын ажил
Зураг төсөв хийх
- Дулааны станцыг өргөтгөх зураг төсөв хийх
- Налайхын салбар бохир усны шугамын өргөтгөлийн зураг төсөв
- Шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж сайжруулах зураг төсөв
- Ашиглалтын шаардлага хангахгүй 2 дугаар хорооны 4.5 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн зураг төсөв
- Дүүргийн нутгийн захиргааны ордны барилгын зураг төсөв хийх
Олон улсын байгууллагын санхүүжилтээр:
- 50 ортой Хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн барилга барих
- Швейцар улсын хөрөнгө оруулалтаар “Монгол ногоо” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх
- БНТУ-ын Тика олон улсын байгууллагаас дүүргийн Хуульчдын гудамжийг тохижуулах ажил хийгдэнэ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 692 сая төгрөгийн ажлууд
Багцалсан байдлаар танилцуулбал:
- Тохижилт, ногоон байгууламжийн ажлууд
- 2018 онд хийгдэх ажлуудын зураг төсөв
- Ус түгээх цэгийн барилга болон гүний худаг гаргах
- Камержуулалт зэрэг ажлууд хийгдэж эхлээд байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.