
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хүрээнд өчигдөр гурван нэр дэвшигчийн дунд анхны халз мэтгэлцээн 20.00 цагаас Соёлын төв өргөөнд болох байсан ч хойшиллоо.
Мэтгэлцээн “Хууль эрх зүй-Шударга ёс” сэдвийн дор болж, Монголын телевизүүдийн холбооны 14 телевиз өөр өөрсдийн сувгаар цацах байсан. Гэвч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга энэхүү мэтгэлцээнд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн тул уг мэтгэлцээн хойшлох шалтгаан болсон байна.
Нэр дэвшигч Х.Баттулга яагаад мэтгэлцээнд оролцохгүй болсон тухайд АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, “Монголын телевизүүдийн холбоо бидэнд долоо хоногийн өмнө энэхүү саналаа өгсөн бол мэтгэлцээнд оролцох боломжтой байлаа. Харамсалтай нь урьд өдөр нь энэхүү саналаа ирүүлсэн учраас оролцох боломжгүй” гэсэн тайлбарыг хийсэн байна.
Иймээс Монголын Телевизүүдийн холбоо мэтгэлцээнийг ирэх долоо хоногт явуулахаар болжээ. Гэсэн ч ирэх долоо хоногт мэтгэлцээн болох эсэх нь эргэлзээтэй байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл