Өчигдөр Тайванийн нийслэл Тайпей хотын цагдаа нар бүлэглэн хулгай хийдэг Монгол залуусын үйлдсэн хэргүүдийг шалгаж дуусч байгаа талаар мэдээлэл хийсэн байна. Тэд автобус, метроны буудал гэх мэт ихэвчлэн олон хүн цугладаг, шахцалдаан үүсдэг газруудад очиж хулгай хийдэг бөгөөд хулгайн хэргээ гурвуулаа бүлэглэн үйлддэг байсан аж. Тайпей хотын цагдаагийн газраас мэдээлснээр, гурван Монгол залууг өнгөрөгч оны зургадугаар сард саатуулж, энэ оны хоёрдугаар сард батлан даалтаар суллажээ.
Ингэхдээ Монгол залуусыг Тайпей хотыг орхиж явахыг хориглож сулласан байна. Монгол залуус Тайваньд жуулчны визээр орж ирсэн бөгөөд тэдний ахлагч гэгдэх 21 настай Анхбаяр нь нөгөө хоёроосоо арай ах гэнэ. Ямартай ч, найз охидын хамт амьдарч, бүлэглэн хулгай хийдэг гэх гурван Монгол залуу автобусны буудал, метронд зорчигчдын тээш болон гар цүнхнээс нь бэлэн мөнгө, утас, карт зэрэг зүйлсийг хулгайлдаг байжээ. Ингэж хулгай хийхдээ монгол залуус гол төлөв эмэгтэйчүүдийг байгаа болгож эд зүйлсийг нь хулгайлж хохироодог байсан гэнэ. Тиймээс эд зүйлсээ алдсан эмэгтэйчүүд байгаа эсэхийг одоог хүртэл шалгаж байгаа юм байна.