
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг танихгүй хүн үгүй биз ээ. С.Ганбаатарын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд МАХН-д элсч, намд элсэхгүй, тэр дундаа МАХН зэрэг намуудад элсэхгүй гэсэн үгнээсээ буцсан.
МАХН-ын хувьд намаас нь сонгогдон албан тушаалд суусан хүмүүсээсээ мөнгө нэхэж дарамталдаг, авлига авахыг үүрэгддэг гэдгээрээ нийгэмд нэгэнтээ танигдчихаад байгаа.
МАХН-аас Эрүүл мэндийн сайдаар сонгогдон ажиллаж байсан Г.Шийлэгдамба 500 саяын авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Дараа нь “Н.Энхбаяр дарга намайг мөнгө олж ир гэж дарамталсан. Намын санхүүжилтэд мөнгө нийлүүлэхийг даалгасан. Тиймээс би авлига авсан” хэмээн хэлсэн удаатай.
Мөн ерөөсөө Н.Энхбаяр гэдэг хүн намынхаа гишүүд, сайд нарт ийм даалгавар өгч, мөнгө олж ирэхийг шаарддаг тухай ярьсан байдаг.
Тэгэхээр хэрвээ С.Ганбаатар гэдэг хүн сонгогдлоо гэж үзвэл нэг бол “Би чамайг Ерөнхийлөгч болгосон. Тиймээс чи миний үгээр ажилла. Намд мөнгө олж ир” гэх Н.Энхбаярын үгээр ажиллана, нөгөө бол түүнээс нүүр буруулж нам болон Н.Энхбаярыг ашиглачихаад зайлан одох байх. Гэхдээ мэдээж “хашир бурхи” Н.Энхбаяр үүнийгээ мэдэлгүйдээ, С.Ганбаатартай ямар нэгэн далд гэрээ байгуулсан л байж таараа.
Тиймээс С.Ганбаатар Н.Энхбаярын заавраар хөдлөх нь тодорхой. Нөгөө талаас С.Ганбаатар хойчоо бодож Н.Энхбаяртай түнжин хагарахгүйгээр түүний үгэнд орж ажиллах байх.

За ямартай ч, ХҮН намыг самарч хаясан С.Ганбаатар МАХН-д юу авчрахыг таашгүй. С.Ганбаатарын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр өрсөлдөгчөөсөө хөрөнгө чинээгээр дутуу, мөнгөгүй гэх имижийг нэлээд чадварлагаар өөртөө наан ажиллаж байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нэлээд мөнгө хэрэгтэй. Сурталчилгааны ажилд ч гэсэн багагүй мөнгө төгрөг орох нь ойлгомжтой.
Гэхдээ ямар ч мөнгө төгрөггүй хэмээн ард түмнээсээ 5 ч тавдахгүй, мянга ч мянгадахгүй хэмээн авч буй мань хүн угтаа бол нэлээд тансаг байдлаар сурталчилгааны ажлаа явуулж байна.
Хоёр нэр дэвшигчтэйгээ эн зэрэгцэн онгоц хөлөглөж орон нутгуудад сурталчилгаагаа явуулж буй С.Ганбаатарт ард түмний хандиваар цуглаад буй 20 сая төгрөг юу ч болохгүй нь ойлгомжтой.
С.Ганбаатараас мөнгөгүй хүний үйлдэл харагдахгүй байна, хэмнэлт ерөөсөө мэдрэгдэхгүй байна. Эндээс ерөөсөө С.Ганбаатарын ард түмнээсээ хандив гуйх ажил нь зүгээр л шоу байсан юм биш үү гэж хардахад хүргэж байна. Гэвч мань хүн сонгуулийн сурталчилгааны жижиг сонин дээрээ “Ард түмнийхээ хандиваар хэвлэв” гэж бичин шоудсаар л байна.
Сонгуулийн сурталчилгаанд онгоц хөлөглөх нь хэдэн сонин хэвлэхээс хэд дахин өндөр тусдгийг хүмүүс одоо мэддэг болсон. Гэсэн ч С.Ганбаатар сүржигнэсээр, түүнд нь итгэсэн хөгшчүүд тэтгэврийн хэдээсээ илүүчилсээр байна. Ард түмний хандиваар бараг нэг удаа онгоцонд суучихаж буй мань хүнийг тэгээд тансаглахгүй байна гэх үү, аль эсвэл нөгөө хоёр нь тэгж байгаа юм чинь яадаг юм гэх үү. Юутай ч, ард түмний дунд хандивын хайрцаг явуулж өрөвдүүлэх тактик ашиглаж байгаа атлаа өөрөө онгоц хөлөглөн тансаглаж буй С.Ганбаатарт хүмүүс анхаарлаа хандуулаад эхэллээ. Мань хүн хэний мөнгөөр онгоцонд суугаад байна. Бас хэний санаачлагаар монгол хүний өрөвч зөөлөн сэтгэлийг ашиглаад байна. Нэртэйгээр нь “Ард түмнийхээ хандиваар онгоц хөлөглөв” гэчихээч.

Төгс

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл