С.Зоригийн хэргийн захиалагч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тодрох уу

Монгол Улсад мэр сэр гарсан улстөрийн захиалгат хэргүүдийн анхных нь С.Зоригийн хэрэг билээ. С.Зоригоос хойш цөөнгүй төр, нийгмийн зүтгэлтэн харамсалтайгаар нөгөө ертөнцөд оджээ. Хэрвээ С.Зоригийн хэргийг цаг алдалгүй, тухайн үед нь илрүүлчихсэн бол өдийд ийм олон  эх оронч хүмүүс бусдын гарт амь насаа алдахгүй л байсан болов уу. Ерөөсөө С.Зоригийн хэргийг дараад өнгөрснөөс хойш замд нь тээглэсэн нэгнийгээ нухчихдаг моод маягийн зүйл улстөрийн хүрээнд дэлгэрсэн гэхэд болно.

Сүүлдээ ч бүр утгаа алдсан, давтамж нь ойртсон, мэр сэр үйлдэж байснаа улаан цагаандаа гарсан. Улстөрийн хүрээнээс хальж бизнесийн хүрээнд орж ирсэн. Гэхдээ одоо намжмал л байна. Иймэрхүү хэргүүдийг илрүүлэхгүйгээр, захиалагчийг нь олон нийтийн өмнө гаргаж ирэхгүйгээр Монгол Улс нэг л цаашаа явахгүй юм шиг.

С.Зоригоос хойш олон ч хүн гаднын нөлөөтэй нас барлаа. О.Дашбалбар, Ш.Отгон­би­лэг, М.Зэнээ, Ж. Наранцацралт, Б.Дангаа­сү­рэн гээд тоочоод байвал нэлээд олон болно. Маш нарийн зохион байгуулалт дор явагддаг эдгээр хэргүүдийн цаана үргэлж улстөрийн томоохон албан тушаалтан болон түүний хармаанд орсон хууль хүчний байгууллагын өндөр албан тушаалтан байдаг юм. Ерөнхийдөө улстөрийн хүрээнээс цагдаа, хууль хүчний байгууллагад ажилладаг өөрийн талын өндөр албан тушаалтанд үүрэг өгч, тэр нь доороо ажилладаг үнэнч хүмүүсээр гүйцэтгүүлдэг.

Хамгийн анхных гэгддэг С.Зоригийн хэрэг дээр ч гэсэн ийм схем явагдсан. Хэдийгээр анхных гэдэг утгаараа С.Зоригийн хэрэг нэлээд болхи явагдаж, жирийн хүмүүс ашиглаж, илэрчих шахсан ч улстөрөөс цагдаад, цагдаагаас доод тушаалын хүмүүс гэсэн дээрх схемээр арыг нь маш сайн цэвэрлэж, ул мөрийг нь баллах ажлыг уйгагүй хийв. Ямар сайндаа өнгөрсөн хугацаанд С.Зоригийн хэргийн талаарх тавын таван хавтаст хэрэг алга болж, устсан байхав. Мөн энэ хэргээр оролдсон цагдаа нар ээлж дараагаараа аймшигтайгаар тамлуулж амиа алдаж байв.

Ингэж л улстөрийн захиалгат аллагын захиалагчийг үхэн хатан хамгаалж байхав. Тэр захиалагч дан ганц С.Зориг гэхгүй дараа дараагийн хэргүүдийг захиалсан, зохион байгуулсан байвал яахав.

Өдгөө С.Зоригийн хэргийн гүйцэтгэгчид гэх гурван иргэнийг баривчилж, ялын дээд хэмжээ өглөө. Тэд ч энэ хэргийг захиалгаар үйлдсэнээ олон нийтийн өмнө хүлээсэн. Тэгээд ч Эрдэнэтэд байсан 16-30 орчим насны гурван хүнд С.Зориг гай болов л гэж. Гэвч Монголын төр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын хууль хяналтын байгууллага бүгд тэрхүү захиалагчийг хамгаалж байна. Магадгүй нэг эсвэл хэсэг бүлэг захиалагчаас болоод нэг том намын нэр хүнд дахиж сэхэхгүйгээр уначих гээд байгаа байх. 

Учир мэдэх эх сурвалжуудын яриагаар бол С.Зоригийн хэргийн захиалагчийг хэн гэдгийг өдгөө гарын таван хуруунд багтах хүмүүс л мэдэж байгаа гэнэ. Түүний дотор Б.Булган байх өндөр магадлалтай гэнэ. Гэтэл Б.Булганыг яагаад шүүх хуралд оруулсангүй вэ, бүтэн нэг жил хорьсон уичр шалтгаан юу байв, яагаад 19 жил ард түмэн хүлээсэн энэ хэргийг хаалттай хийв. Мөн дээрх дурдсан 4-5 хүний дотор С.Баяр ч байх магадлалтай гэнэ. Тиймдээ ч өдийг хүртэл ингэж даналзаж, Ерөнхийлөгчийн мэдлийн гэгддэг АТГ-т өгөөд ч түүнийг шалгадаггүй гэнэ.

Ямартай ч, С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэгдээд байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох Эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал буюу хамгийн сүүлийн шатны хурал өнөөдөр /6 сарын 16/ Улсын Дээд Шүүхэд болох байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж, 6 сарын 28-ны өглөө 09:00 цагт болохоор товлогдлоо.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр хоногийн дараа болох гэж байна. Үүнийг дэвшил гэж харж байна. Тэртээ тэргүй хийсэн хэргээ хүлээж, ялын дээд хэмжээ авч, хоригдох хугацаагаа эдэлж буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хэд хоногийн наана цаана ялгаа байхгүй, яараад байх ч учир шалтгаан байхгүй. Гагцхүү энэ хэргийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хааж, нэг тийш нь болгох гэсэн улайралт явагдаад байгаа нь анзаарагдаад байгаа юм.

Тиймээс шинэ Ерөнхийлөгч, шинэ Ерөнхийлөгчийн хууль, шүүх, цагдаагийн багийнхнаар салхи оруулж энэ хэргийн далдлагдаад байгаа хэсгүүдийг ил болгох хэрэгтэй.

Арай ч, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг хөнөөгөөгүй байна гээд гараад ирэхгүй байх. Гэхдээ л маш олон зүйл ил болно гэдэгт найднам. Хамгийн гол нь С.Зоригийн хэргийн захиалагчийг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Нэгэнт илэрчихсэн, үйлдсэн хүмүүс нь тогтоогдчихсон энэ үед уг нь үүн шиг амархан зүйл баймааргүйсэн.

Төгс  

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …