Улсын Их Хурлын Тамгын газар, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас өнөөдөр (2017.06.22) хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийг нэмэгдүүлэх нь” сэдэвт мэдээлэл өгөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав.
“Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллага нь НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр УИХ-ын Тамгын газартай хамтран “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан юм.
Уулзалтаар хууль санаачлагчдын боловсруулсан хуулийн төслүүдэд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад сонирхлын бүлгүүдийн саналыг авах, нэгтгэх, тусгах, тухайн талуудад санал нь төсөлд хэрхэн туссан талаар эргэн тайлагнаж, харилцан мэдээлэл солилцоход зориулагдсан forum.parliament.mn цахим системийг танилцуулж, системийг хэрхэн ашиглах талаар хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад мэдээлэл өгөв.
forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн систем нь УИХ-ын www.parliament.mn цахим хуудасны дэд хуудас бөгөөд нэг талаас хууль тогтоох байгууллагад зориулсан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн саналыг авах, нөгөө талаас хуулийн төсөлд иргэд, олон нийт саналаа өгөх боломжийг хангасан, хууль санаачлагч ба олон нийтийг орон зай, цаг хугацаа, мөнгө санхүүгийн ямар нэг бэрхшээлгүйгээр холбосон талбар болохын хувьд хууль санаачлагч нь өөрийн санаачилсан хуулийн төслийг системд байршуулж, олон нийтийн хэлэлцүүлэг явуулахыг УИХ-ын тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах референт Ч.Тунгалаг хэлсэн.
Одоогоор уг системд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг байршуулсан байгаа бөгөөд байршуулснаас хойших долоо хоногийн хугацаанд 1000 гаруй хүн үзэж, танилцжээ.
Хэлэлцүүлгийн системийг ашиглаж эхэлснээсээ хойш 20 орчим хуулийн төслийг байршуулж, иргэд, олон нийтээс санал авсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 30 гаруй мянган хүн үзэж, 1000 орчим хүн саналаа өгсөн хэмээн“Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Оюунтуяа хэллээ.
Forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн системээр иргэд хуулийн төсөлд саналаа өгөхөөс гадна хоорондоо харилцах, мэдээлэл солилцох, зөвшилцөж асуудлыг шийдвэрлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм.
Ухаалаг утас, таблет зэрэг интернетийн төхөөрөмжид зориулсан энэхүү цахим системийг түгээн дэлгэрүүлж, хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хамгийн чухал үүрэгтэй болохыг уулзалтын төгсгөлд зохион байгуулагчид онцлон хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.