Хойд Солонгос улсад ухуулах хуудас урсан гэх асуудлаас болж чанга дэглэмтэй, хорих лагерьт 15 жилийн хорих ял сонссон Америк оюутан саяхан магадлангаар суллагдаж гэртээ харьсан билээ. Гэвч гэртээ хариад нэг их удалгүй таалал төгссөн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Отто Уормбир Умардын шоронд 17 сар хоригдож, сүүлийн саруудад комын байдалтай байсан байна. Тиймээс Америкд авчирмагцаа Цинциннатигийн эмнэлэгт хэвтүүлжээ. Гэвч удалгүй нас нөгчсөн байна. Энэ талаар эмнэлгийн эмч “Уормбирын биед ил харагдах шарх сорви байхгүй. Гэвч тэрээр тархиндаа тун хүнд гэмтэл авсан байсан. Энэ нь түүний үхлийн шалтгаан боллоо” гэж тайлбарласан байна.
Отто Уормбир 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хойд Солонгост аяллаар очсон бөгөөд аялал дуусахын урд өдөр зочид буудлын хананд өлгөөтэй байсан ухуулгын хуудсыг хуулж хаяснаас болж энэ бүх асуудалтай хутгалдсан юм.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын талаас өөрийн улсын иргэнийг суллуулах талаар Умардтай гэрээ хэлэлцээр хийсээр байсан. Үүний үр дүнд Уормбирыг суллаж, гэрт нь авч ирсэн ч түүний гэмтэл цааш амьдрал боломжгүй болтлоо хүндэрсэн байж таарлаа.
Хойд Солонгосын хорих лагерь ямар хатуу чанга дэглэмтэй байдаг вэ гэдгийг дэлхийн нийт ойлгож, түүнийг эсэргүүцэх хандлага нэмэгдэж эхэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хатуу чанга дэглэмийг шүүмжилж, “гэмгүй хүмүүсийг ийм эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх нь бидний үүрэг. Тиймээс засаг захиргааныхаа гол бодлого болгох ёстой” гэдгийг зарласан байна.