Засгийн газраас чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаар “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Энэхүү хөтөлбөр нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийн өөрчлөлт хийх, банкнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх, тавих хяналтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийг Азийн Хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Зээлийн хүү нь Лондоны банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ажээ. Азийн Хөгжлийн банкнаас авах энэхүү зээлийн хэлэлцээрийг УИХ соёрхон баталсны дараа чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах хүлээлттэй байна. Үүгээр дамжуулан банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, цаашид тогтвортой байдлыг хангах, банкны хяналт шалгалтыг сайжруулах гэх мэт 12 бодлогын арга хэмжээ авна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ тавдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар өсөж, нэг их наяд 144 тэрбум төгрөг болоод байна. Өөрөөр хэлбэл чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн есөн хувийг эзэлж байгаа нь өмнөх сараас 0.4 нэгжээр өссөн дүн юм. Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр чанаргүй зээлийн хэмжээ 2014 оны тавдугаар сарын байдлаар 618.9 тэрбум төгрөг байжээ. Харин энэ онд энэ хэмжээ бараг хоёр дахин өсөөд байна. Эдийн засгийн өсөлт саарч, валютын ханш чангарсан, валютын дотогшлох урсгал саарсан зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлснийг эдийн засагчид онцолж байгаа юм.

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …