Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалттай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Зарим улс төрийн хүчин сонгуулийн байгууллагад нөлөөлөх гэж оролддог байсан бол одоо сонгогчдод нөлөөлөх гэж оролдох боллоо. Энэ бол бүтэхгүй хийгээд явуургүй, хууль бус оролдлого юм. Сонгууль, сонгогчид хуулиар хамгаалагдсан байгаа гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн анхааруулж хэллээ.
Мөн тэрээр энэ сарын 7-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Сонгуулийн хороод шахуу төлөвлөгөөтэй ажилласан гэдгийг дурьдав.
Өнөөдөр болсон Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын дүнг хуульд заасны дагуу сонгуулийн төв байгууллагад нэн даруй дамжуулж хүргүүлэх үүргийг бүх аймаг, нийслэлийн дүүргийн сонгуулийн хороодод өгсөн гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн тэмдэглээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад сонгогчдыг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Баян-өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д. Аманбек санал хураалтын өдөр зарим хэсгийн санал хураалтын дүн мэдээ хоцорсон явдлыг цаг агаарын хүнд нөхцөл байдал, зарим хэсгийн алслагдсан байршил, сүлжээ муу ажиллаж байсан зэргээс шалтгаалсан гэдгийг танилцуулав. Түүнчлэн гар тооллогын дүн нь санал тоолох төхөөрөмжөөр хийсэн тооллогын дүн мэдээтэй нэг ч зөрөөгүй гэдгийг Баян-өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга мэдэгдлээ.