Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрдэмтэн багш, судлаачид, оюутан, сурагчид, урлаг соёлын ажилтан, ардын авъяастан, тамирчид, дасгалжуулагч багш нар болон боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын нийт ажилтан, албан хаагчид тэдгээрийн гэр бүлд тань сэтгэлийн халуун баяр хүргэж, үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье.
Та бүхэн үндэсний их баяр наадмаа сургалт, эрдэм судлал, урлаг, спорт, сурлагын өндөр амжилтаар угтаж байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. Зун цаг хэдийгээр амралт, баяр ёслолын үе байдаг хэдий ч боловсролын салбарынханы хувьд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах, шинэ элсэлт авах, эрдэмтэн судлаачдын хувьд хээрийн судалгаа хийх, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахуйц эрдмийн судалгаагаа үргэлжлүүлэх, соёл, спортынхон маань ард түмэн, гадаадын зочид жуулчдад эх орноо танилцуулан үйлчлэх нөр их ажлын цаг байдаг билээ.
Баяр наадмын босгон дээр Биеийн тамир, спортын тухай хууль батлагдаж, багшийн хөгжлийн тухай хуультай болох шийдвэр гарсныг та бүхэнтэйгээ хуваалцахад нэн таатай байна.
Та бидэнд хийсэн амжилт их байгаа хэдий ч хийж гүйцэтгээгүй ажил, сэдэж, боловсруулаагүй асуудал чамгүй байсаар байна. Энэ бүхнийг хамтын оюун ухаанаар оношлон таньж, ахиж дэвших гарц, шийдлийг олж, Монгол Улсаа хөгжүүлэх нэгдсэн хүчин чармайлтаар хэрэгжүүлж, бүтээж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол түмнийхээ их бахархалыг дээдлэн, амарч, алжаалаа тайлан, дүүрэн баяртай, төвшин жаргалтай сайхан наадахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөе.
Сайд академич Г. Чулуунбаатар