Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх дизелийн түлш болон 90 хүртэл октантай автобензиний онцгой албан татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензиний татварыг тонн тутамд 130 мянган төгрөгөөр нэмлээ.
Ингэснээр 90 хүртэл октантай автобензин тонн тутамдаа 160, 90 ба түүнээс дээш октантай нь тонн тутамдаа 180 мянган төгрөг болж байна. Эрээнцав боомтоор оруулж ирэх автобензины тонн тутамд 30 мянга, дизелийн түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татвар ногдуулахаар боллоо.
Цаашид автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавихыг сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгов.
Манай улсын нийт шатахууны 80-90 хувь нь Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирдэг. Онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд борлуулалтын үнээ нэмэхгүй байх боломжтой гэж Засгийн газар үзлээ.
Тухайлбал АИ-80, АИ-92 автобензин, дизель түлш импортлогчид жижиглэнгийн үнээ өсгөхгүйгээр 0,5-6 хувийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо судалгаа ч гарсан байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд ажилдаа менежмент хийж, зардлаа хэмэх замаар цэвэр ашгаа 3-9 хувь хүртэл нэмэх боломжтой гэж тооцжээ.
Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларснаас импортлогч аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт орох нөхцөл үүссэн. Иймээс Засгийн газар үнийг тогтвортой байлгах зорилгоор яаралтай арга хэмжээ авч онцгой албан татварын хувь, хэмжээг гурван удаа бууруулсан байсан юм.
Харин одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн учир жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулахгүйгээр татварын хувь, хэмжээг нэмэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.