Х.Баттулга Монгол Ганжуурын судалгаа”-ны ОУ-ын Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандан илгээлт явуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа”-ны  Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандан өнөөдөр илгээлт явуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ: “Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ.

Эрхэм зочид, монгол судлаачид аа,

Та бүхэнд  Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбооноос “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгааны олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д оролцож буйд талархал дэвшүүлж, эрдэм судлалын өндөр ажилт хүсэж байна.

Миний бие 2016 оны 8 сард зохион байгуулагдсан Олон Улсын Монголч Эрдэмтдийн 11 дүгээр Их Хурлаар тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа монгол судлалын үйл ажиллагааг өргөтгөх, дотоодын болон гадаад ертөнцөд тодорхой байр суурьтай болгох, үйл ажиллагааг нь хэвийн тогтвортой явуулах, бүс нутагт хөгжүүлэх талаар тодорхой бодлоготой байлгах зорилготой та бүхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Харин эдүгээ Монголын ард түмний сонголтоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон шинэ албаа хүлээн аваад байна. Шинэ албанд томилогдох энэ мөчид тус Холбооноос зохион байгуулж буй энэхүү хуралд илгээлтээ илгээж эрдэмтэн мэргэд та бүхэнтэй учиран золгох завшаан олдсонд нэн баяртай байна.

Монголчуудын олон үеийн соёлын гайхамшигт өв, эрдэм ухааны цар хүрээг илэрхийлэх дурсгал Ганжуурын талаар тусгайлан судалгаа хийж буй та бүхэн нэгэн дор чуулж, Бурхан багшийн айлдвар их хөлгөн судрын чинадад нэвтрэн, номын их чуулган зохион байгуулж байгаад нэн талархалтай байна. Ганжуур, Данжуур их хөлгөн судруудыг Монголын Их хаадаас эхлэн үе үеийн эрдэмтэн мэргэд орчуулж, судлан шинжилж, номын утгыг нэвт шүүн ариутгасаар өнөөг хүрчээ. Мөн дэлхийн олон газарт ганжуур, данжуур их хөлгөн судруудын хувь, эх хадгалагдаж буйг өөр өөр эрдэмтэн мэргэд судлан үзэж байгаач нэгэн дор ийнхүү чуулан хэлэлцэж байгаа нь тус хурлын аж холбогдолыг илэрхийлнэ.

Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ. Та бүхэнд эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөж, Монгол судлалыг цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие онцгойлон анхаарч дэмжин хөгжүүлэхэд та бүхний хувь нэмэр асар их болно. Бид Монголчуудын их өв соёл, түүх уламжлалаа шинжлэх ухааны үндэслэлтэй судлан шинжилж, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, олон улсын Монгол эрдэмтдийн хамтын үйл хэргийг улам өргөтгөх болно.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай” гэжээ.

 

president.mn

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …