Өнгөрсөн тавдугаар сард 10 орчим хоног дагаж, тагнасан гэдгээ нэр бүхий залуус сошиал орчноор дамжуулан мэдэгдсэн билээ. Өнөөдөр өглөө, үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж, улмаар баривчлан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Ц.Баасандорж өмгөөлөгч АТГ-аас мэдээлэл авсныхаа дараа сэтгүүлчдэд тодруулга өглөө.
-Ч.Батболдыг саатуулсан талаар мэдээлэл цацагдлаа. Хаанаас саатуулсан юм бэ?
-Шадар сайдыг дагаж байсан гэх хэрэг шалгагдаж байгаа. Өнгөрсөн шөнө Ч.Батболд гэдэг хэргээ илчилсэн гол гэрчийг гэртээ амарч байхад нь хуулийн байгууллагын ажилтнууд цонхыг нь хагалж ороод газарт хэвтүүлэн, баривчлаад аваад явсан байна. Ч.Батболдоос гадна А болон Ж гэх цагдаагийн хоёр албан хаагчийг саатуулсан гэж яригдаж байна. Энэ албан хаагч нар Ч.Батболдтой хамт ажиллаж байсан. Ч.Батболд тухайн үед би хууль бус үйл ажиллагаанд оролцож байна, үүнийг хиймээргүй байна, таслан зогсоомоор байна гэдэг асуудлыг ярьсан байдаг. Гэтэл дээрх хоёр албан хаагч нь уг асуудлыг баримтжуулаад эрх бүхий байгууллагад нь хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Шадар сайдыг зохион байгуулалттайгаар тагнаж, чагнасан үйл ажиллагааг илчилсэн хоёр цагдаагийн алба хаагч болон Ч.Батболдыг бариад аваад явчихлаа. Хоёр хоногийн өмнө Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, Ч.Батболд нь энэ хэргийн гол гэрч, хэргээ илчилсэн, энэ бол Тагнуулын байгууллага шалгах ёстой төрийн эсрэг гэмт хэрэг. Гэтэл хэргийн цорын ганц гэрчийг хэргээ илчилснийх нь төлөө барьж, одоо ямар үйл ажиллагаа, яаж явж байгааг мэдэхгүй байна.
-Байцаалтыг хаана авч байгаа талаар мэдээлэл байгаа юу?
-Бидний авсан мэдээллээр байцаалт авч байгаа алба хаагч нар нь Ерөнхий сайдыг гүтгэлээ, доромжиллоо гэдэг илт нэг талыг барьсан агуулгаар, айлган сүрдүүлж байна гэсэн мэдээлэл байна. Тиймээс энэ хэргийг үнэн зөв шударгаар шийдэх хэрэгтэй байна. Яагаад нэг сарын өмнөөс байцаалт өгье гээд яваад очиход байцаагч нар нь алга болдог, зугтдаг байсан мөртлөө нэг сарын дараа гэнэт баривчилж байцаагаад эхэлж байгаа юм. Хоёрдугаарт, яагаад Очир харуул хамгаалалтын алба болоод бусад үүнийг зохион байгуулсан, 50 сая төгрөг өгсөн нөхдийг барьж байцаахгүй байгаа юм бэ.
-Ч.Батболдтой хамт хоёр цагдаагийн алба хаагч саатуулагдсан гэж байна. Үүнийг тодруулахгүй юу?
-Эрүүгийн цагдаа газрын хоёр цагдаа энэ хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн. Ч.Батболд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байхдаа хамт ажилладаг байсан. Энэ хоёр цагдаагийн алба хаагчид анх бүх мэдээллээ өгсөн байдаг юм. Цагдаагийн байгууллагын ажилтны гол үүрэг нь гэмт хэргийг таслан зогсоож, эрх бүхий байгууллага мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу шадар сайдад мэдэгдсэн байгаа. Энэ хоёр цагдаагийн ажилтан хаана хоригдож байгаа тодорхой бус. Мөн ар гэрт мэдэгдээгүй байна. Хуулийн байгууллага эрх мэдлээ ашиглаж, гэрчид нөлөөлж болсон үйл явдлыг буруугаар шалгах юм бол бид хүн бүхэнд хариуцлага хүлээлгэнэ. Энэ төрийн эсрэг гэмт хэрэг юм . Иймээс асуудлыг шударгаар шалган гэдэгт итгэж байгаа.
-Та Ч.Батболдыг баривчилсан гэдэг мэдээллийг хаанаас авсан вэ?
-Ч.Батболдын эхнэр мэдээлэл өгсөн байгаа. Эрүүгийн хэрэг шалгахад хугацаатай байдаг юм. Гэтэл АТГ болон Тагнуулын газрууд хуулиа биелүүлж ажиллахгүй байна.
-Шадар сайд гэрчүүдтэй уулзсан юм уу
– Шадар сайд гэрчүүдтэй уулзаагүй байгаа.Хоёр цагдаа хуулийн үүргээ гүйцэтгэсэн Ч Батболд гэдэг хүн шадар сайдыг дагах даалгавар авсан. Манай дарга даалгасан.Энэ ажил ажлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захиалсан гэдгийг тухайн хүмүүст ярьсан байдаг. Үүний дагуу хоёр алба хаагч бүх зүйлийг баримтжуулж шадар сайдад мэдэгдсэн байгаа.Тухайн үед шадар сайд Тагнуул газар болон АТГ шалгуулах хүсэлтээ гаргасан байдаг юм.
Н.Алт