Өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш нар нэгдэн, цалингаа нэмүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авахаар түр хороо байгуулахаар цуглажээ. Өнөөдрийн цуглаанд нийтдээ нийслэл хотын багшаар ажиллаж буй 50 багш цуглаж, асуудлыг хэлэлцэж байна. Тэд эхний ээлжинд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Удирдах зөвлөлөө байгуулжээ. Эхний ээлжинд нийслэл болон хөдөө орон нутгийн багш нарын гарын үсгийг цуглуулан, Засгийн газарт цалингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардах бичиг хүргүүлэх юм байна.
Энэхүү шаардах бичигт ямар нэгэн хариу өгч, шийдвэртэй алхам хийхгүй бол дараагийн шатанд шилжинэ гэдгээ хэлж байна. Засгийн газрын зүгээс энэхүү шаардлага болон багш нарын нийгмийн асуудалд анхаарч бодит алхамууд хийхгүй бол зохих зөвшөөрлийн дагуу тайван жагсаал хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн эхний ээлжинд нийгэмд үнэн зөв мэдээлэл өгч, багш нарын өнөөгийн асуудлыг дэлгэж хэвлэлийн бага хурал ойрын хугацаанд зарлахаар болсон байна.