Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 22 сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Эдгээр сургуулиудын 21 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа мэдэгдсэн.
Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг шинээр барьж байгаа аж. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж зарим сургуулийн барилгын ажил удаашрах хандлагатай байгаа аж. 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 32 мянга 623 хүүхэд элсэн суралцана. Жил бүр дөрөв мянга гаруй сурагч хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирж суралцдаг юм байна.
Гуравдугаар ээлжийн сурагчдын хувьд өвлийн цагт оройтож хичээлэхийн хажуугаар утаа ид гарах үеэр хичээлээ тарж байгаа нь багачуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй юм. Орой ээлжийн хуваарилалтад голдуу 1-3-р ангийн сурагчид хамрагддаг юм байна.