МАН дахь мөргөлдөөн улам ширүүссээр сүүлдээ Засгийн газраа унагах дээрээ тулж байна. Өөрөөр хэлбэл УИХ дахь МАН-ын гишүүдийн 25 нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлэл өнгөрөгч долоо хоногт цацагдсан юм. Хэн хэнийг огцруулах нь хэнд ч хамаагүй зүйл. Мөн МАН-ын дараагийн ээлж хоолонд орохоор улаарч байгаа нь нүднээ илхэн харагдаж байна.
Гэвч энэ улайрал намыг нь дэндүү муухай харагдуулж байгааг хэн нэгэн нь анзаарсан болов уу. Энэ хэвээр удаан үргэлжилвэл МАН-д 2020 оны сонгууль битгий хэл, улс төрийн карьер ч үгүй болж мэдэхээр нөхцөл байдлууд бүрдсээр байгааг бид мэт гаднаас нь харж дүгнэхэд боломжтой болчихоод байх юм.
Уг нь бүгд хэмлэлдэж байхаар тодорхой хүмүүст хариуцлага тооцоод намынхаа нэр хүндийг аваад үлдвэл зүгээрсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт маш муу өрсөлдөгч нэр дэвшүүлсэн. Тэр нь ядаж байхад 60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай ярилцаад сууж байсан хүн болж таарсан. Хоёрдугаарт 60 тэрбум гэх асуудлыг эвлүүлэг гэж тайлбарласаар байгаад өөрсдийгөө баалчихсан. Гуравдугаарт сонгуулийн дүн гаргаагүй байхад хоёрдугаар ээлж хоолондоо орохоор дайрч, нэр дэвшигчээ шаварт хутгачихсан.
Тэгэхээр эхний ээлжинд нүдэнд ил байгаагаар нь 60 тэрбумтай холбоотой асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Хуульч О.Алтангэрэл уг асуудлыг тун ойлгомжтой тайлбарласан шүү дээ. 60 тэрбум үнэн худал нь хамаагүй. Харин хуулийнхан ажлаа 2016 оны сонгуулийн дараа албан тушаалд томилогдсон хүмүүсээс эхлэх хэрэгтэй. Ямар шаардлага шалгуураар орсон бэ. Бүр цаашлаад хэдэн төгрөгийн хахууль өгсөн бэ гээд л асуугаад явчих хэрэгтэй гэж тэрээр тайлбарлаж байсан.
Үүний дараа Ц.Сандуй нар ийм асуудал ярьсан уу, үгүй юу гэдэг нь тун тодорхой болно биз дээ.
Түүнээс эвлүүлэг байсан юм аа гэж тайлбарлаад л байвал сөрөг нам нь дагуулж мушгиад л нэг оноо болгочихоод байгаа юм. Уг нь Ц.Сандуйд улс төрийн болоод хувийн эр зориг байдагсан бол “би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаад энэ асуудлыг шалгуулчихья” хэлчихмээр байгаа юм. Тэгээд үнэн зөвийг тогтоолгочихоод дараа нь намдаа баавартай алхаж орж ирвэл 2020 онд Ерөнхий сайд болсон ч яах вэ дээ. Гэвч НИТХ-ын даргын суудалтайгаа зууралдаад, өөрийгөө хамгаалагч хэдэн нөхдөөр хүрээлүүлээд үнэндээ “арчаагүй эр хүн”-ий зан чанар л харуулаад байгаа юм л даа.
Үнэн шүү. МАН-д одоо хоорондоо алалцаж байхаар ганц нэг хүнээр “туг тахиад” асуудлыг шийдвэрлэчих ганц л зөв зам байна. Түүнээс нэг нэгээ мөрдөж, тагнасан, намдаа шинэчлэл хийх гэж байна энэ тэр гэж “бөгсөө ухалцаад” л байвал АН-д л ашигтай.