Хөрөнгө оруулалтын хэмжээ их байх тусам эдийн засгийн өсөц хурдсаж, ажлын байр худалдааны эргэлт нэмэгдэж, дээшилнэ гэж эдийн засагчид үздэг. Харин 2011, 2012 онуудад сард дунджаар 382 сая ам.долларын орлого орж ирдэг байсан бол 2013 он гарсаар энэ хэмжээ 237 сая ам.доллар болж 40 хувиар буурчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85 хувийг уул уурхайн салбар эзэлдэг юм.
Гэтэл экспортын орлого банкуудын гадаад гүйлгээний тайлангаас үзвэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхнээс өнгөрсөн сарын 5-ны байдлаар нүүрс 53 орчим, зэс 41 гаруй хувиар, Оюутолгойгоос бусад гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 46 хувиар буурсан байна. Харин нүүрсний экспортоос орж ирэх орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 546 сая ам.доллараар буурчээ.
Өөрөөр хэлбэл нүүрснээс бусад экспорт 316 сая ам.доллараар буюу 27 хувиар өссөн байна. 2012 онд нийт экспортын 48 хувийг нүүрс эзэлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 27 хувийг эзэлдэг болж буураад байна. Үүнд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаа нь нөлөөлснийг эдийн засагчид хэлж байгаа юм.
Гадаадын хөрөнгө оруулалт буурснаас үүдэн төсвийн орлого ч 1.5 их наяд төгрөгөөр тасалдах аж
Гадаадын хөрөнгө оруулалт буурч, уул уурхайн экспорт багассантай холбоотойгоор төсвийн орлого тасалдахаар болоод байгаа. Тэгвэл Сангийн яамнаас мэдээлж буйгаар эхний найман сарын байдлаар төсвийн орлого 94 хувь, зарлага, санхүүжилтийн түвшин 78 хувьтай байгаа аж.
Өнөөдрийн байдлаар орлого 222 тэрбум төгрөгийн тасалдалтай, дутуу санхүүжсэн зарлагын санхүүжилт 830 орчим тэрбум төгрөг байгаа юм байна. Хэрвээ энэ байдлаар он дуустал үргэлжилбэл, жилийн дүнгээр төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүй тооцоо гарчээ. Үлдэж буй хугацаанд төсвийн орлогын тасалдлыг нөхөх, нөөц боломжоо дайчилснаар тасалдлыг 500 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэнэ. Гэсэн хэдий ч орлого 950 тэрбум төгрөгөөс нэг их наяд хүртэлх төгрөгөөр тасрах нь тодорхой байгааг Сангийн сайд Ч.Улаан онцолжээ. Тиймээс төсвийн зардлыг 950 орчим тэрбум төгрөгөөр хорогдуулах тооцоог Сангийн яамны төвшинд хийж байгаа аж.
эх сурвалж: ийгл.мн