Агаарын тээврийн “Аеро Монгол” компаниар үйлчлүүлэн, Ховд аймаг руу нисэх гэтэл тийзний үнэ нь 360.0 мянган төгрөг гэнэ. Үүнээс хямд биш билүү гэж асуутал, хэзээ бичүүлэхээсээ хамаараад тийзны үнэ нь өөр өөр байдаг, хэрвээ та онгоцоор нисэх эхний үйлчлүүлэгчдийн тоонд багтаж чадвал 220.0 мянган төгрөгөөр тийз бичүүлэх боломжтой гэж “Аеро Монгол”-ын ажилтан хариуллаа. Учрыг нь лавлаж асуутал нь тухайн нисэх өдрөөс сарын өмнө буюу эхний суудлуудад багтаж тийзээ бичүүлэх юм бол 220.0 мянган төгрөг, цааш хоног, суудлын байдлаас хамааран үнэ нь 360 мянган төгрөг болтолоо өсдөг гэлээ.
Товчхондоо, Аеро монголиа компани нислэгийн хоног, суудлын байдлаасаа хамааран тийзний үнээ нэмж байгаа нь байж болшгүй хэрэг юм. Магадгүй өвчин зовлонд нэрвэгдсэн хэн нэгэн цаг хугацаатай өрсөн байж, онгоцны тийз захиалах шаардлагатай болвол “Айро Монгол”-ын өндөр үнэтэй тийзийг авахаас өөр аргагүй болж байна.
Эдийн засгийн хичээл дээр монополь компанийн тухай лекц сонсож байсан маань гэнэт санаанд буулаа. Аливаа аж ахуйн нэгж өөртэй нь адил төрлийн үйлчилгээг эрхэлдэггүй, өрсөлдөгчгүй, өөрийн давуу байдлаа ашиглан тухайн салбартаа “ноёрхолоо” тогтоохыг монополь гэж нэрлэдэг шиг санагдаж байна. Үүний нэгэн адил “Аеро Монгол” компани үйлчилгээнийхээ давуу байдлаа ашиглан үнэ ханшаа тогтоожээ. 360 мянган төгрөгийн үнэтэй суудал нь бизнес ангилал биш, “алтан шармал” суудал ч биш, осол болвол амь аврагдах суудал ч биш /муу амласанд хүлцэл өчье/ зүгээр л нислэгээс 2-3 хоногийн өмнө бичүүлэх тийзны үнэ. Харин нислэгээс сарын өмнө бичүүлвэл тухайн суудал 220 мянган төгрөг.
Тэртэй, тэргүй “Аеро Монгол” бүх суудлаа 220 мянган төгрөгөөр борлуулсан ч ашиг олдог нь тодорхой. Гэтэл заавал монголын ард түмнийг ядуу, чинээлэг, мөнгөтэй мөнгөгүй байдлаар нь ялгаварлан гадуурхаж, тийзний үнээ өөр өөр байдлаар тогтоож байгаа нь юуны учир вэ?
Мөнгөтэй бол одоо нисэж болно, мөнгөгүй бол сарын дараах нислэгийн тийзийг захиал. Энэ бол “Аеро Монгол” компанийн үндсэн зарчим. Монгол улсын иргэний, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, баян ядуу, эгэл дордоор ялгаж байгаагийн тод илрэл.
Эн бүхний дараа Агаарын дээрэмчин “Аеро Монгол” гээд хэлчихэд нэг их буруудахааргүй болжээ. Шударга өрсөлдөөнийг Хянан зохицуулах газрын О.Магнай дарга эл асуудалд анхаарлаа хандуулаад үзэхэд буруудахгүй болов уу.
Ардчилал, зах зээл өндөр хөгжиж байгаа манай улс хэдий болтол энэ мэтийн өндөр үнэ өртөгтэйгээр орон нутгийн нислэг үйлдэх вэ, үүний оронд хөгжингүй орнуудын, иргэнд хүрч үйлчилж чаддаг, үнэ тариф нь боломжийн авиа компанийг төрийн бодлогоор дэмжиж орон нутгийн нислэгийг үйлдүүлвэл ямар вэ?
Ховд аймаг руу нисэх нь Бээжин хот рүү нисэхээс үнэтэй байгаа нь зөв хэрэг үү уншигчид аа.
Ц.Мөнх
ugluu.mn