Гайхах юм. Уг нь цагдаа чинь иргэнээ хамгаалах ёстой биз дээ. Гэтэл шаардлагатай тавьсан бүсгүй хүнийг зодож гэмтээчихээд одоог хүртэл санаа амар ажлаа хийгээд л явж байх юм. Гэтэл цагдаад зодуулсан гэх бүсгүй энэ бүх хугацаанд өвчиндөө шаналж, шөнө ч унтаж чадахгүй хуулийн шүүхийн үүд сахисаар өнөөдрийг хүрсэн байна. Аргаа барахдаа л хэвлэлийнхэнд хандаж, болсон явдлыг хоолой зангируулан ярьж сууна.
“ … Би 2017 оны 07 дугаар сарын 11 өдөр Хүй долоон худгийн ойролцоо явж байсан. Энэ үед замын цагдаагийн албан хаагч М.Мөнхбаясгалан зөвшөөрөлгүй автоамашинуудыг Хүй долоон худаг руу нэвтрүүлж байхад нь таарсан юм. Иргэнийхээ үүргийг гүйцэтгэж, тухайн цагдаад шаардлага тавьсан. Мөн үйл явдлыг баримтжуулж бичиж авсан юм. Гэвч үүнээс болоод гар утсаа булаалгаж, гараа мушгиулж, хүчтэй цохиулж газар унасан. Тэгэхэд миний мөр мултарч, түргэн тусламж дуудаж өгөхийг хүссэн ч дуудаж өгөөгүй. Уг нь “дуудлаа” гэж хэлсэн ч худлаа байсан юм билээ. Ингэж цаг хугацаа алдсаар Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд мөр өргөгч гол булчин урагдаж, мөгөөрсөн эдийн гэмтэл авсан байна гэж мэдэгдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл дорвитой эмчилгээ хийгдсэнгүй. Өвчин намдаагч ууж, шарлага хийлгэсээр байгаад л өнөөдрийг хүрлээ” хэмээн хохирогч М.Цэцэгсүрэн ярьж байна. Түүнээс хэрэг явдлыг хэрхэн шийдвэрлэсэн, шүүх эмнэлэг ямар дүгнэлт гаргасан болоод одоо ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар тодрууллаа.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт юу гэж гарсан бэ?
-Хөнгөн гэмтэл байна гэсэн дүгнэлт гарсан гэсэн. Гэвч надад дүгнэлт гэж ямарч бичиг цаас харуулаагүй.
-Таныг гаднаас чинь харахад л зовиуртай байгаа нь мэдрэгдээд байна. Гэтэл шүүх эмнэлэг хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн гэж үү. Зөөлөн эдийн гэмтлийг л тэгэж дүгнэдэг санагдах юм?
–М.Мөнхбаясгалан шүүх эмнэлгийн дүгнэлтэд нөлөөлж, шүүхийн эмч н.Одончимэгээр “хөнгөн гэмтэл” гэсэн дүгнэлт гаргуулсан гэж би үзэж байгаа. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөртэй уулзаж мэдүүлэх гэсэн боловч намайг хүлээн аваагүй. Тиймээс өргөлдлөө орхиод явсан. Хэд хоногийн дараа ирэхэд миний асуудлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн гэж мэдэгдсэн юм.
Миний бие улам л муудаад байна. Өвчнөөсөө болоод орой бүр халуурч байна. Шөнө унтаж чадахгүй суугаагаараа хонодог болсон. Өнгөрсөн долоо хоногт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд мөр рүү өвчин намдаагчтай гормон тарьж өгсөн. Мөн хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэ гэсэн зааврыг өгсөн.
-Гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай болсон гэсэн. Гэтэл таны энэ гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй гэж үү. Уг нь манай эмч нар чадваржаад л байгаа шүү дээ?
-Мөр өргөгч гол булчин нь урагдсан. Үүнээс болоод баруун гараа өргөж ч чадахгүй болчихоод байна. Байнга л сойлттой явж байгаа. Монголд өмнө нь энэ төрлийн хагалгаа хийж байгаагүй юм билээ. Ийм туршлагатай гарын мэдрэмжтэй эмч ч байхгүй гэсэн. Тэгээд өөрийнхөө МRA зургийг БНСУ-ын эмнэлэг рүү явуулсан. Ингэхэд хагалгаа хийхэд ойролцоогоор 25 сая төгрөг болно гэж хариу ирсэн. Хоёр ч хагалгаа хийх шаардлагатай. Тэгэхээр зардал нь нэмэгдэх байх.
-Энэ хугацаанд М.Мөнхбаясгалан болоод цагдаагийн газрын удирдлагуудаас өөртэй чинь холбогдсон уу?
-Замын цагдаагийн газрын дарга Б.Даваазул гэж хүн нэг удаа уулзсан. Гэвч өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авч өгсөнгүй. Дээр нь Монголын цагдаа иргэнээ зодчихоод байхад хариуцлага тооцсон гэж хэлээд өөр дүүрэгт шилжүүлсэн байсан. Яагаад иргэнээ хамгаалах ёстой төрийн албан хаагч иргэнээ зодчихоод байхад цагдаагийн байгууллагын дарга удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байна вэ. Мөн түүгээр ч зогсохгүй өөрсдийн албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж шүүх эмнэлгийн дүгнэлтэд хүртэл нөлөөлж, гаргүй болчихоод байгаа хүнийг хөнгөн гэмтэл авсан гэж дүгнэлт гаргуулж байгаа нь өөр хоорондоо хуйвалдсан, авлига өгч авалцсан байж болзошгүй гэж би хардаж байгаа. Хэрвээ тийм биш л юм бол яагаад шалгуулах гээд өгсөн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй, цаг хугацаа алдуулаад яваад байгаа юм бол? Жирийн иргэн байсан бол аль эрт асуудлыг шийдээд хариуцлага тооцчихсон байгаа. Гэтэл цагдаагийн албан хаагч болохоор хариуцлага тооцсон гэж хэлчихээд өөр дүүрэг рүү шилжүүлчихсэн байгаа юм.
– Замын цагдаагийн газрын дарга Б.Даваазул тантай яг юу гэж гэж уулзсан бэ. Уулзаад юу ярьсан бэ?
-М.Мөнхбаясгаланг ажлаас нь халуулахгүй байх сонирхолтой байна. Хэдэн төгрөг өгье, ойлгоцъё. Мөн чи ийш тийшээ битгий мэдэгдээрэй, бид энд асуудлыг зохицуулах болно гэсэн. Бас нэг эмчтэй танилцуулж өгье гэсэн. Тэгсэн нөгөө эмч нь мэргэжлийн хүн бус оюутан байсан. Тэгээд тэр залуу миний гэмтлийг үзээд “би мэдэхгүй, надаас давсан асуудал байна” гэж хэлсэн.
– Гомдол өргөдөл гаргаад таны асуудлыг шийдвэрлэж өгөхгүй удаад байна гэлээ. Одоо яах вэ ?
–Би яаралтай эмчилгээгээ л хийлгэмээр байна. /уйлав/ Үнэхээр зовиуртай хэцүү байна. Өвчин намдаах эм тогтмол хэрэглэсээр байгаад ходоод өвдөж, хямардаг болчихлоо. Дансанд байсан мөнгө өдөр бүрийн эмчилгээнд зарцуулсаар байгаад дууслаа. Энэ асуудлыг л хурдан шийдвэрлэж, эмчилгээндээ явмаар байна. Баруун гараа хөдөлгөж чадахгүй байсаар байгаад хөгжлийн бэрхшээлтэй болчих вий гэж их айж байна.
Бүсгүй хүн нүдэндээ нулимстай аргаа барсан байдалтай мөн өвчиндөө шаналж ийнхүү ярьлаа. Эрийн муу эмд гэж. Шаардлага тавьсан иргэнээ зодож танхайрдаг хариуцлагагүй, дээрэнгүй цагдаа нарыг яах вэ. Хэнээс хаанаас хариуцлага нэхэх ёстой вэ. Хүн хохирч, гэмтэл бэртэл авчихаад байхад “албаны нэр хүндийг минь бодооч” гэж хэлээд тохиролцох тухай ярьж байдаг дүүрчихсэн, хатуу сэтгэлтэй дарга нарыг хэн захиргаадаж, хэн тэдэнтэй хариуцлага ярих юм бэ.
Жирийн иргэдийг бол тэд юман чинээ тоодоггүй юм байна. Гараа сойчихоод хөдлөх бүртээ ёолж байгаа хүний гэмтлийг хөнгөн гэмтэл байна гээд дүгнэлт гаргуулчихдаг. Хүн зодож танхайрч байгаа цагдааг өөр дүүрэгт шилжүүлээд хариуцлагаас мулталчихдаг ийм харгис улсад бид яаж амьдрах ёстой вэ.
Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр танаас асууж байна. Та гомдол бариад очиж байгаа иргэнээ хэзээ хүлээн авч уулзах вэ.
Замын цагдаагийн газрын дарга н.Даваазул танаас асууя. Та гэмтэл аваад очсон хэчнээн хүнтэй тохиролцсон бэ.
Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаас асуумаар байна. Цагдаа нар чинь хүн зодчихоод хариуцлага хүлээхгүй тойрч гүйгээд байна. Бид хаана, хэзээ эрүүл аюулгүй амьдрах вэ.
А.Аюуш