С.Бэнноны хувьд баасан гараг Цагаан ордонд ажиллах сүүлчийн өдөр нь байсан гэж тус ордны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Сара Хакаби Сандерс өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрбээр өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Трампын сонгуулийн штабын даргаар ажиллаж байсан юм. Уг сонгуульд Д.Трампыг ялахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол С.Бэннон билээ.
С.Бэннон нь хууль бус цагаачдын эсрэг авах арга хэмжээнүүдийг боловсруулж байв. Консерватив хатуу чиг шугам баримтлах бодлогынхоо улмаас тэрбээр Ерөнхийлөгч Д.Трампын хүргэн бөгөөд ахлах зөвлөх Жаред Кушнер болон үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х. Р. МакМастертай зөрчилдөж байна гэсэн мэдээлэл гарч байсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Виржини муж улсад үндсэрхэг үзэлт цагаан арьстнууд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болсон юм. Энэ хэрэг нь үндсэрхэг үзэлт цагаан арьстнуудыг дэмжигч С.Бэнноныг огцруулахад хүргэсэн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.