Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 90 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежүүд өнөөдөр хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа.
Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид 16 салбарын хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай байгаа 192 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Монгол Солонгосын хамтарсан Полтехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт “Эрдмийн баяр”-т УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын нийгэм, эдийн засагт тэр дундаа хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн түүчээ болсон ур чадвартай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж ирсэн 51 жилийн түүхтэй тус политехник коллежийн багш сурагчдад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж Н.Номтойбаяр сайд үг хэллээ.
Тэрбээр сургуулийн хамт олонд амжилт хүсч хэлсэн үгэндээ “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ сургуулийн багш сурагчидтай нь уулзаж хичээл сургуульд нь тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, мөн хүсэл мөрөөдлийг сонсож байсан юм. Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөлийг энэ сургууль дээр хуралдуулж, энэ сургуулиас мэргэжлийн боловсролын тухай хуулийг өргөн барьсан учраас өнөөдөр энд хүрэлцэн ирж байгаа юм. Шинэ хуулинд энэ салбарт тулгарч байгаа Монгол Улсын хэвтээ эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудыг дорвитой шийдвэрлэх боломжийг суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл энд сурч байгаад үргэлжлүүлээд их дээд сургуульд сурвал энд авч байсан хичээлүүд дараагийн шатандаа тооцогддог байх боломжийг бий болгохоор ажиллаж байна. Мөн гадаадад сурах боломж бий болгох тал дээр анхаарч байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэйгээ уялдуулах, ялангуяа Япон улсад дадлагажигч ажилтан илгээх бодлоготой уялдуулахаар ажиллаж байна. Мөн энэ салбарт ажиллаж байгаа багш нарынхаа ажиллах орчинг сайжруулж, эдийн засгийн хувьд тогтвортой байх боломжийг нээж өгөх зорилготой ажиллаж байна. Өөрөө өөртөө маш хэрэгтэй, өрх гэртээ хэрэгтэй, эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болоосой гэдгийг хэлээд бүгдэд нь эрдэм номын баярын мэндийг хүргэе. Бүгдэд нь амжилт хүсье” гэлээ.
Монгол Солонгосын хамтарсан Полтехник коллеж нь 51 дэх хичээлийн жилдээ оюутан суралцагчдаа хүлээн авч байгаа юм. Тус сургууль энэ хичээлийн жилд хөнгөн үйлдвэр, авто машин, механизм, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологийн чиглэлээр 26 мэргэжлээр 1750 суралцаж байна. Энэ жил шинээр 1902 хүүхэд шинээр элсэхээс одоогийн 600 гаруй хүүхэд элсээд байна.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт “Эрдмийн баяр”-т оролцсон юм. Тэрбээр, шинээр элсэн орж буй суралцагчдад амжилт хүсч, чадварлаг мэргэжилтэй боловсон хүчин болж төгсөхийг хүссэн юм.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Барилгын Полетехникийн коллежийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус сургууль үүсгэн байгуулагдснаас хойш 64 дахь хичээлийн шинэ жилтэйгээ золгож буй бөгөөд барилгын үндсэн 10 мэргэжлээр мэргэжлийн боловсрол, 7 мэргэжлээр техникийн боловсрол олгож, жил бүр 1500 гаруй суралцагчдыг сурган, мэргэжилтэй ажилтан болгон бэлтгэж байна.
ХНХЯ