Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 57.5 хувийн саналаар огцрууллаа

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасныхаа төлөө, УИХ-ын баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэлийн нэг болж буйд харамсаж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг: “Хүнд нөхцөлд Засгийн газар хангалттай сайн ажилласан, тэдний эхлүүлсэн бодлого хэрэгжиж эхэлж буй энэ өдрүүдэд огцруулах нь дотоодод төдийгүй олон улсад Монголын нэр хүнд, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг тооцох нь зүйтэй” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:”Лүндээжанцан бид хоёр УИХ-д 25 жил болсон. Огцруулах бичигт миний бие сүүлд гарын үсэг зурсан. Энэ УИХ-д миний хамтран зүтгэгчид, дүү нар ажиллаж байгаа. Гэхдээ би Монголын ирээдүйн төлөө ийм алхам хийсэн.Би ноднин жил дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэж хэлж байсан. Давтаад хэлчих нь зүйтэй гэж бодож байна. Ц.Элбэгдорж гэдэг хүн Монголын улс төрийг самарсан даа. Тэр явсаар байгаад өнөөдрийн байдалд хүргэж байгаа шүү дээ. Хоёрдугаарт энэ хүний үед хууль хяналтын байгууллагад захиалгат хүнийг томилж улс төрийн цагдаа болсон. Улс төрийн цагдаа нар хэзээ ажлаа зогсоохыг би мэдэхгүй байна. Энэ Засгийн газрыг огцруулах баримт бичигт гарын үсэгт зурахдаа ХХБ-ны талаар УИХ-аас гарсан шийдвэрийг огт хэрэгжүүлэхгүй байгааг нь бодож зурсан юм”. гэлээ

 УИХ-ын гишүүдийн  байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв. Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж мөрдсөн цагаас хойш 25 дахь жилд 13 Засгийн газар ажилласан талаар тэрбээр дурдаад “Манай танхим 14 дэх нь. Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь хэвийн үзэгдэл хэдий ч сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлбэл хор хохирол болдог. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 жил орчим байсан гэдгээс гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлага тооцох эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг хэмээн би үзэж байна” гэлээ. Улсаараа хөгжье гэвэл буруу жишигт цэг хатгаж, засаглалын тогтвортой байдлыг хадгалах, тогтолцоогоо улам боловсронгуй болгох, Үндсэн хуулийнхаа зүйл, заалт бүрийг чанд сахин мөрдөх цаг болсон гэдгийг тэмдэглэж байв. Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар цаг наргүй зүтгэж ажилласан гэдгийг тэрбээр онцлоод, танхимынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулсан. Мөн тэрбээр УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах саналын үндэслэл бүрт тайлбар хийж, эцэст нь тодорхой хоёр асуудлаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын нэр бүхий 30 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй гэж үзсэнийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 42 нь буюу 57.5 хувь нь татгалзсанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар болсон тул “Засгийн газрыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, дараагийн Засгийн газар бүрдтэл Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдахаар боллоо.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …