Монголын уулчдын Үндэсний холбооноос 40 жилдээ зохион байгуулж байгаа Хаданд авирагчдын улсын болон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн 5 насны ангилалаар энэ сарын 6-8-ны өдрүүдэд “Дуган хад”-нд амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Уулын спортын мастер, МУГТ Б.Гангаамаагийн нэрэмжил болгон зохион байгуулжээ.
Энэ жилийн хаданд авирагчдын тэмцээнд нийт 9 багийн баг тамирчид оролцсноос хотын аваргад 77 тамирчин, улсын аваргад 83 тамирчид, эрэгтэй эмэгтэй 5 насны ангилалд авхаалж самбаагаа сорьж аваргуудаа шалгаруулжээ.
Улсын аваргад багийн дүнгээр “Эверист” баг түрүүлсэн бол 2-р байранд “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны баг, 3-р байранд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Я.Жанцангийн нэрэмжит ”Сутайн бор” баг тус тус шалгарсан бол хотын аваргад 1-р байранд “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны баг, 2-р байранд Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” баг, 3-р байранд “Эверист” баг тус тус аваргалжээ. Тэмцээнд оролцсон багууд жигд, хүчтэй өрсөлдснөөс дээрх багууд бэлтгэл, амжилтаараа тэргүүлжээ. Мөн улсын аваргын тэмцээнд анх удаа сумын уулын спортын “Сутайн бор” баг амжилт үзүүлж, хүрэл медаль хүртсэн нь онцлог байлаа.
Удахгүй 9 сарын 25-нд уулын спортын “Сутайн бор” багийн 7 тамирчин баруун Европын Альпийн нурууны ноён оргил далайн төвшнээс дээш 4808 м өргөгдсөн Мон Бланд, Герман улсын уулын спортын баг тамирчидтай хамтран авиралт хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа базааж дуусаад байгаа ажээ. Үүний дараа 10 сард Солонгос улсад болох спорт авиралтын дэлхийн цомын тэмцээнд улсаа төлөөлөн 3 тамирчныг “Монголын хүүхэд залуучуудын Спорт авиралтын холбоо”-оос оролцуулахаар болоод байгааг тус холбооны тэргүүн, уулын спортын ОУХМ Д.Батжаргал бидэнд дуулгалаа.
Дашрамд дурьдахад уулын спортын чиглэлээр мастерын болзол хангахын тулд зайлшгүй хаданд авиралтын тэмцээнд оролцож, тодорхой амжилт гаргасан байх шаардлагатай байдаг гэнэ.
Ц.Мөнх