Монголчуудыг хөгжилд хөтлөх цорын ганц холбоо /фальетон/

moroodol Хараад байхнаа бидэнд нэг л зүйл дутаад байна. Энэ бол хөгжилд хүрэх тодорхой алхам. Хөгжилд хүрэхийн тулд бид нэгдэх ёстой. Тиймээс бүх зүйл  дээр нэгдэх нь чухал  болоод байна. Жишээ нь, цөөхөн монголчууд бид  эрх ашиг дээр, албан тушаал дээр нэгдэж чадаагүйгээс болж бие биендээ дайсагналцахад хүржээ. Иймээс бидний хэсэг нөхөд монголчуудыг  бүх  зүйл дээр нэгтгэх холбоо байгуулж,  хөгжил дэвшил өөд хамтдаа  тэмүүлэхээр сэтгэл шулуудлаа.
Манай холбоог үүсгэн байгуулагч нөхдүүд эдүгээ МАН, АН, МАХН, МҮАН, ИЗНН,  МНН  гээд олон намууд улс төрийн  үйл ажиллагаагаа явуулж байгаа нь монголчууд биднийг өөр  хооронд нь хагалан бутаргах  гол үндэс  олж байна гэж үзэж байгаа юм.   Тиймээс нийт /зөвхөн монгол улсын иргэдэд хамааралтай, Орос, Хятадын монгол энд хамаарахгүй,  монгол улсын газар нутагт амьдарч  байгаа монголчууд хамаарна/   Монголчуудын  дунд, тэднийг нэгтгэсэн  “НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”   холбоог нэн даруй байгуулах нь зүйтэй гэж үзлээ.  “Нийт монголчууд”  гэхийн учир  нь монгол хүн бүрийг дээдэс доодос, ядуу баян, өндөр нам, өргөн нарийн, царайлаг царай муутай, хөгшин залуу,   шашин шүтлэг,  мөн аль ч намын гишүүн байсан  ялгалгүй  холбооны гишүүн гэж үзнэ. /Жич: гэхдээ холбооны гишүүн болохын тулд тус холбоонд өөрийн биеэр ирж, тодорхой өргөл барьц холбооны удирдлагад барьж, улмаар гишүүнчлэлээ баталгаажуулан батламж авна. Хэрэв та батламжаа мартсан юмуу гээсэн бол манай гишүүнээр элсэх эрх дахин шинээр эхлэнэ./
 “Тэнгэрийн бошго” гэж нэрлэхийн учир нь манай холбооны үйл  ажиллагааг  төр, нам, холбооны удирдлага биш, гагцхүү дээд тэнгэр удирдан явуулна. /Жич: Дээд тэнгэртэй холбогддог  жинхэнэ тэнгэрийн улаач/
“НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”  холбооны  эрхэм зорилго нь нийт монголчууд нам, улс төр, эрх мэдэл, итгэл үнэмшил зэргээсээ болж хагаралдан, зөрчилдөж байгаа явдлыг нэг мөр болиулан, Монгол хүн бүрийг Дээд тэнгэрийн дор нэгтгэн амиржуулан хөгжүүлэхэд оршино. Энэ зорилгынхоо  хүрээнд улс төржихгүй, намжихгүй, шашинжихгүй,  тэгсэн  хирнээ аятайхан амьдрах дээд тэнгэрийн тааллыг Монголчуудад уламжилж, аливаа бодлогийг  тэнгэрийн таалалд нийцүүлэн явуулна.
Манай холбооны хүндэт Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж байна. Учир нь МУ-ын Үндсэн хуулийн дагуу “Монгол улсын Ерөнхийлөгч нь  Монголын ард түмний Эв нэгдлийг илэрхийлэгч байна” гэж заасан нь  манай холбооны үйл ажиллагаатай нийцэж байгаа тул бид энэ заалтыг уламжлан  авч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг холбооныхоо  “Хүндэт Ерөнхийлөгч”-өөр өргөмжилж байгаа юм.  Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь АН-д элэгтэй хандсаар ирсэн нь  Үндсэн хуулийн болон манай холбооны дээрх зорилготой зөрчилдөх тал гарч болзошгүй байгаа тул энэ асуудлыг эргэж харж,  алдаагаа залруулан нийт монголчуудад элэгтэй хандана уу гэсэн хүсэлтийг  бид  түүнд өргөн барихаар зэхэж байгаа.
    “НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”  холбооны гадаад харилцааны асуудлын Ард түмний гавъяат багш, 25 улсын хэл мэддэг  Арго хариуцан ажиллах болно.   Манай холбоотой хамтран ажиллахыг хүссэн гадаадын улс орны төлөөлөгчид эхлээд  холбооны гадаад харилцаа  салбарын дарга Арго  багштай  уулзаж, ямар хэлтэйгээ тодорхойлуулаад дараа нь манай холбооны үйл хэрэгт оролцох ёстой.
     “НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”  холбоо нь нийгэмтэй харилцахдаа хүний энергийн асуудлын чухалчлан  үздэг өвөрмөц онцлогтой тул энэ талын асуудлыг  Энержит хадагтай, Монголын Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл Судлалын Академийн ерөнхийлөгч Б.Сарандаваа авхайгаар удирдуулна. Өөрөөр хэлбэл манай холбооны эгэл гишүүн бүрийн энерги сулдан доройтсон эсэхийг Б.Сарандаваа авхай жилдээ нэгээс доошгүй удаа тестлэн шалгаж, хэрэв энерги нь  сульдсан хүмүүс олон байгаа бол намар бүрийн тэмдэглэлт өдөр олон нийтэд хандсан төлбөртэй лекц явуулж байх болно. /Жич: уг лекцэнд таны  төлсөн төлбөр нь Сарандаваа авхайд биш манай холбоогоор дамжин   Дээд тэнгэрт хүргэгдэнэ/
“НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”  холбооны гишүүн болсноор танд олон давуу тал бий. Жишээлбэл, та дэлхийд алдартай Шведийн гоо сайхны бүтээгдэхүүнийг зөвхөн манай гишүүн болсноор хөнгөлттэй үнээр, заримдаа бүр үнэгүй  авах эрх үүснэ. Учир юу гэвэл манай холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр энэ алдартай бүтээгдэхүүнийг монголд анх удаа нэвтрүүлсэн бриллиантан очир алмаазан  таягт /тулдаг таяг биш шүү/ Г.Оюунгэрэл хатагтай ажилладагтай холбоотой.   Хатагтай Оюунгэрэл манай холбооны удирдлага болон гишүүдийн имиж, нүүр царайны асуудлыг бүрэн дааж хариуцаад зогсохгүй тэдэнд учирч болох байгалийн гамшиг, гэнэтийн аюулыг ч урьдчилан харж, хэлж сануулан амийг нь аврах нигууртай юм.
    Мөн “НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”  холбооны удирдах зөвлөлд “Манукол” академийн тэргүүн, физикч, философич, зөнч, түүхч, доктор З.Бат-Отгон  хүндтэй  байр суурь эзлэдэг.  Тэрээр  сүүлийн 20 гаруй жил шинжлэх ухаан, физик, философиор судалгаа хийж байгаа  бөгөөд судалгааныхаа ажлыг ихэнхдээ дээд тэнгэртэй холбогдон  хийдгээрээ их алдартай. Ухаан нь манай З.Бат-Отгон,  түүхийн чиглэлд судлагаа хийлээ гэхэд археологи, эд өлгийн болон түүхэн сурвалж бичиг  огт хэрэглэдэггүйгээрээ  өвөрмөц  онцлогтой. Жишээлбэл, тэрээр Хүннү гүрнээс 40 мянган жилийн өмнө  /хүний үүслийн түүх ёсоор бол  homo sapiens  буюу орчин үеийн хүн үүссэн цаг үе/ Монголчууд дэлхий ертөнцийг тэргүүлж байсныг олж мэдсэн байгаа юм. Мөн “гэргий” гэдэг үг “гэрээ гийгүүлэх”  гэсэн утгатай үг гэдгийг хамгийн анх манай холбооны УЗ-ийн гишүүн доктор  З.Бат-Отгон л олон түмэнд мэдэгдсэн. Уул нь шинжлэх ухааны хүмүүс  нотлогдсон мэдлэгийг эрхэмлэдэг бол  бол манай доктор шууд итгэлийг  голлодогоороо тэднээс ялгаатай.  Ийм эрхэм хүн “НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”  холбооны УЗ-д ажиллан нийт монголчуудын хийморь сүлд, ирээдүйг хариуцан ажиллана. /Жич: гол нь та манай холбооны гишүүнээр өөрийгөө баталгаажуулсан тохиолдолд докторын лекц хийгээд ивгээлд багтана/. Ялангуяа манай холбооны эмэгтэйчүүд түүний лекцэнд сууснаар эмэгтэй хүн болохоо мэдрээд зогсохгүй хатан ухаантан гэдгээ олж таних юм.
    “НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”  холбооны үйлдвэрлэл хариуцсан ахлагчаар бурханаар бөөлжигч Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн В.Мөнгөнчимэгийг томилоод байгаа. Тэрээр холбооны хүү санг арвижуулах үйлсэд хүчин зүтгэж, үе үе гуулин бурхан, бүр цаашлаад хааяадаа алтан бурханаар бөөлжих ба холбооны зүгээс  түүний бөөлжин гаргасан эдгээр бурхадыг дуудлага худалдаанд оруулж, холбооны санхүүг зузаатгахаар төлөвлөж байна.
Товчхондоо  Дээд тэнгэртэй ил далд шууд холбогдож чаддаг ийм хүмүүсийг манай холбоо хүндэтгэн үзэж, тэдний  эрдэм чадлыг нийт монголчуудынхаа сайн сайхны тусын тулд ашиглахаар зорьж байгаа юм.
Нэгэнт холбоо маань олон нийтийг хамарсан болохоор  ахмад, соёл урлагийн гэх мэт салбар зөвлөл байгууллан ажиллахаар  төлөвлөж байна.
 “НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”  холбооны соёл урлаг болон байгаль орчны асуудлыг   МУГЖ, дуучин  С.Жавхлан хариуцан ажиллана. Тэрээр нийт монголчуудыг үндэсний дээл хувцсаа өмсөж сургах ажлыг эхлүүлэх бөгөөд  хэрэв үндэсний хувцасаа өмсөөгүй бол монгол хүн мөн эсэх тухай ч  авч хэлэлцэх, мөн Монгол хүн бүр 3 дуу заавал  сурсан байх ёстой, үүний нэг нь С.Жавхлангийн дуу байх нь зүйтэй  гэсэн шийдвэрийг холбоогоор дамжуулан гаргахаар С.Жавхлан лоббидож олон нийтэд хүргэх ажлыг  эхлүүлээд  байна.  Байгаль орчноо ухалгүй, хөгжил гэдгийг мөнгө гэж харалгүй амьдрах боломж байгааг С.Жавхлан олж хараад, өөрөө ингэж амьдрахын үлгэр жишээг үзүүлж байгаа юм. С.Жавхланд энэ бүх ажлыг эхлүүл гэж дээд тэнгэр өөрийн биеэр бошго буулгасан  гэж байгаа.
     “НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”  холбооны ахмадын зөвлөлийн даргаар олон түмэнд “Авгай” гэдгээрээ алдаршсан Г.Баасанг томилохыг дээд тэнгэр шууд зөвшөөрчээ.  Г.Баасан ахмад бүрийг баян ядуу, эгэл дордоор нь ялгадаггүйгээр үл барам, ахмадын төлөө гутлынхаа улыг элэгдтэл,  хоолойгоо сөөтөл тэмцэж чаддаг чанарыг нь бид үнэлж байгаа юм. Г.Баасан манай холбооны ахмадын холбооны даргаар ажиллах болсноор ахмад настан бүрд  тэтгэлэг /тэтгэвэр биш шүү, түүн дээр нэмээд/ өгүүлэх асуудлыг хөөцөлдөнө гэдгээ амлаж байгаа юм.
          Дээд тэнгэр гэж хэнийг хэлээд байна гэж та асууж болох юм. Энд ихэнхдээ Их хаадын сүнс багтаад  байгаа юм. Тэгэхлээр тэдний сүнстэй холбогдогчдыг Чингис хааны удмын цус биеэр нь гүйж яваа, их хааны шууд удмын хүн Хунтайж П.Даваа+Ням ахлан удирдах юм. Нэгэнт дээд тэнгэрийн шийдвэр гарсан л бол түүнийг хэрэгжүүлэх нь л чухал болохоос өөрчлөх, өөрчлүүлэхийг санал болгох, давж заалдах эрх мөхөс хүмүүн бидэнд  байхгүй. Энгийн усан нүдэд, цусан зүрхэт хүмүүн бид Дээд тэнгэрийн шийдвэрт тэрслэх эрхгүй юм гэдгийг манай холбооныхон бүгдээрээ мэдвэл зохилтой.
          Манай “НИЙТ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТЭНГЭРИЙН БОШГО”    холбоог дэмжигчид олон байгаа бөгөөд тэдний хүсэлтээр холбооны  маань  үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж, төд удалгүй дараагийн сонгуулийн өмнө  МОНГОЛЧУУДЫН ТЭНГЭР  НЭГДЛИЙН НАМ  юмуу “ЖОНХУУ НАМ”-ыг байгуулан улс төрд хүч үзэн, сонгуульд оролцож,  улс орноо хөгжүүлэхээр зэхэж байна.
Үргэлжлэл бий…
Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …