Номын баярын өдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Тухайлбал ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж хүлээдэг болсон энэхүү өдрийг энэ жилийн хувьд “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
– Номын баярын өдөрт та гурав дах жилдээ оролцож байна. Зохиолч хүний хувьд уншигчидтайгаа уулзана гэдэг сайхан санагддаг байх?
– Зохиолч хүний хувьд уншигчидтайгаа уулзаж, гарын үсэгтэй номоо дурсгах хамгийн сайхан зүйлсийн нэг байдаг л даа. Энэ жилийн хувьд их онцлогтой жил тохиож байна. Учир нь миний “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэсэн гурав дах киноны маань зураг авалт амжилттай дуусч байна. Ирэх онд манай кино багийнхан дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байна. Мөн номын баяр өндөрлөсний дараа Өвөр Монголын уншигчидтайгаа уулзахаар явна. Энэ хүрээнд “Домогт Ану хатан” ном маань 2016 онд зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр хэвлэгдсэн бөгөөд Өвөр Монголын уншигчдын дунд маш их эрэлттэй байгаа.
– “Үүлэн хээтэй орчлон”, “Домогт Ану хатан” гээд л хэд хэдэн түүхэн романууд дэлгэцийн уран бүтээл боллоо. Хамгийн сүүлд “Хотол цагаан гүнж” романаар кино хийнэ гэж байсан?
– Тийм шүү. “Хотол цагаан гүнж” киноны төсөл эхлээд хоёр жил болсон ч зураг авалтдаа хараахан ороогүй байна.
Энэ киноны маань гол дүрд нь мисс А.Баярцэцэг сонгон шалгарсан удахгүй зураг авалтдаа орох байх. Харин “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэсэн кино ирэх жил дэлгэцнээ гарах төлөвлөгөөтэй байна. Энэ оны хавар киноны төсөл эхэлж дөрвөн улирлын туршид дамжин зураг авалт хийгдсэн томоохон бүтээл юм. Бидний зүгээс түүхэн үйл явдлыг дэлгэцнээ тод томруун харуулахыг хичээж ажиллаж байна. Ер нь томоохон хэмжээний түүхэн уран сайхны киног хэдхэн сарын дотор хийнэ гэж байхгүй л дээ. Тиймээс ирэх онд л үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Дашрамд дурдахад номын өдөрлөгийг зорьж ирсэн уншигч нартаа баярлалаа гэж хэлье.
– Ярилцсанд баярлалаа.