УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн У. Хүрэлсүхийг ерөнхий сайдад нэр дэвших эсэхийг хэлэлцэж чуулганд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга:Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлуудыг хамтдаа даван туулахын төлөө бодитой хамтран ажиллаж чадна гэдэгт миний бие итгэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Багш нарын цалинг нэмэх боломжтой гэж би харж байна. Миний тооцооллоор багш нарын цалинг сая болгох боломж байгааг танд хэлсэн. Та үүнийг судалсан уу?
Хоёрдугаарт, Ардчилсан намынхан дөрвөн яам нэмнэ гэдэг хачин юм яриад байна. Та үүнийг дэмжих юм уу. Сая 2018 оны төсвийг буцаан татлаа. Хуулиар бол аравдугаар сарын 1-нд төсөв өргөн барьдаг. Гэтэл яагаад төсвөө буцаан татсан бэ. Өнөөдөр 660 сая ам.долларын өр төлөх боломжгүй байна. Монголд яагаад ам.доллар байхгүй байна вэ. Мөнгөний бодлогоо буруу явуулсны хариуцлагыг хэн үүрэх вэ?
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Нийгэмд шударга ёс алдагдаж байгаа иргэд бухимдалтай байна. Сүүлийн 20 гаруй жил бид байгалийн баялгаа буруу бодлогоор явуулсан. Энэ асуудлыг нэг тийш болгох уу. Өнөөдөр 3000 гаруй лиценз тараагаад өгчихсөн. Цаана нь цахимаар өгч байх жишээтэй. Хамгийн гол нь уул уурхайг дагаж ирсэн энэ их мөнгө цөөн хэдэн гэр бүлийн өмч, хөрөнгө болоод байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:“Оюутолгой” олборлолтоо монголд хянуулахгүй байна. Дур мэдэн авирладаг гадаадын компаниудыг цэгцэлж чадах уу? Ер нь ганц тулгуурт эдийн засгийн бодлогоо хадгалаад явах уу? Олон тулгуурт эдийн засгийн бодлого баримтлах уу? Хүүхдийн мөнгийг хэдэн оноос 100 хувь олгох вэ? Хүүхдийн мөнгө олгох боломж байна гэж би харж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:Төв цэвэрлэх байгууламжийг барьж өгөөч. Сонгинохайрхан дүүрэгт хогийн цэг байдаг. Үүнийг шийдэхэд анхаарал хандуулаарай. Хот орчимд нүүрс угаах үйлдвэр байгуулаад, утааг бууруулах дорвитой ажил санаачлаач. Дөрөвдүгээрт, түгжрэлийг бууруулах чиглэлээр дорвитой алхам хийгээрэй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:Ардчилсан нам Засгийн газарт хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн. Бид сандал суудлын асуудалд санаархаад байгаа юм биш. Эдийн засаг, тогтвортой хөгжлийн төлөө яамдын тоог нэмэгдүүлэх санал гаргасан. Та УИХ-д суудалгүй учраас ерөнхий чиг үүргийн сайдаа парламентаас томилох нь зөв шүү.
УИХ-ын гишүүн С. Жавхлан: Шадар сайд У.Хүрэлсүх урьд өмнө нь шадар сайд гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн гэж би бол дүгнэж байна. Энэ хугацаанд байгалийн гамшиг асар их болсон. Тэр болгонд өөрийн биеэр очиж ажилласан. Морины тухай шийдвэр гаргасан. Монгол түмэн, морьтон түмэн, малчин түмэн сайхнаар хүлээж авч байсан. Монгол морио амьдаар нь хилээр гаргахыг хорьж байсан. Морины хийморь хишиг, Монгол малын заяа ивээх байх гэж бодож байна. Шадар сайд байхдаа ийм зүйлүүдийг хийж байсан хүн Ерөнхий сайд болоод Монголын төр засагт үнэнийг тогтоож байх гэж бодож байна.Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг. Засгийн газар гэдэг энэ үүр танд өлзийтэй байх болтугай гэж итгэж ерөөмөөр байна. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэж таны үг, үйлдэл бүх зүйлийг Монгол түмэн нүдээ цавчилгүй харж байгаа.Монгол түмэн таны үг үйлдэл бүрийг нүдээ цавчихгүй анхааралтай ажиглаж харж байгаа. Ер нь ажлын амжилт хүсмээр байна. Сайн ажиллаарай мэдрэмжтэй, зөв, залуучууддаа урам өгч, монгол түмэндээ ээлтэй, сэтгэл итгэлээ нийлүүлсэн баг бүрдүүлж цаашид ажиллаарай. Монгол түмэн үүнийг хүлээж байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Та гадаад худалдааны маш сайн нөхцөлд Засгийн газраа тэргүүлэх гэж байгаа шүү. Тиймээс эдийн засаг хүнд байна гэж битгий их яриарай. Экспортын орлого 1.2 тэрбумаар нэмэгдсэн. Аж үйлдвэрийн салбар руу бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Эхний ээлжинд бүтээн байгуулалтын том төслүүдийг хөдөлгөхийг хүсье. Төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч, хил гаалийн нэвтрэх чадвар дээр анхаараарай. Ингэвэл урт хугацааны хөгжлийн бодлого биелэнэ.Өрхийн орлогын бүтэц дээр голлон анхаарай.
Г.Нараа