Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын эхнэр асан Ивана Трамп “Good morning America” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө тэргүүн хатагтай хэмээн ярьсан байна. Тэрбээр Иванка, бага Дональд, Эрик нарын ээж юм. Нэвтрүүлэгт оролцох үеэр одоогийн тэргүүн хатагтай Мелания Трампад эвгүй сэтгэгдэл үлдээхгүйн тулд Цагаан ордон руу тэр бүр залгадаггүй гэв.
Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ “Би Дональд Трампын анхны эхнэр учраас би тэргүүн хатагтай” гэсэн бөгөөд уг мэдэгдэлд цагаан ордныхон тийм ч таатай хандсангүй хариу мэдэгдэл илгээжээ. Ивана өдгөө 67 настай бөгөөд Дональд Трампын ууган эхнэр гэдгээр нэр алдарт хүрсэн нэгэн юм. Цагаан ордноос Ивана Трампад илгээсэн хариу мэдэгдэлд одоогийн тэргүүн хатагтай Мелания Трампыг албан ёсны тэргүүн хатагтай гэдгийг онцлон энэ үйлдэл ердөө номынхоо маркетинг хийж буй үйлдэл гэж тайлбар ирүүлжээ. Мөн олон улсын ажиглагчид Ивана Трампын үйлдлийг шуугиан тарих оролдлого хэмээн онцлов.