Америкын Калифорни мужийн дарсны бүс нутаг гал түймэрт автаж доод тал нь 10 хүн амь насаа алдаад байна. Ням гарагийн шөнө дэгдсэн уг гал түймрийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй аж. Мужийн Ой Хээр болон Галын Хамгаалалтын захиргааны дарга Ким Пимлотт “1500-н хувийн өмч одоогоор сүйрээд байгаа” гэж мэдэгджээ.
Амиа алдсан хүмүүсийн долоо нь Сонамагийн оршин суугчид байж. Одоогоор Калифорни мужийн гал түймэр дэгдээд байгаа Напа, Сонама болон Юубагаас 20,000 орчим хүн дайжиж явсан бөгөөд амбан захирагч онц байдал зарлаад байна. Уг бүс нутгийн хэдэн мянган акр усан үзмийн тариалангийн газар галд одоо ч автсаар байгаа. Үндэсний Цаг уурын албанаас гал түймэр энэ байдлаар даамжирсаар байвал Сан Франциско хотын газар нутаг руу орох магадлалтай болохыг сануулсан. Барагцаагаар 70,000 акр газар нутаг галд өртжээ.