Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол улсын шүүн таслах ажиллагааны 2017 оны гуравдугаар улирлын тайланг хүргэлээ. Өмнөх жилүүдэд жилийн, эсвэл хагас жилийн тайланг хүргэдэг байсан бол энэ удаад Эрүүгийн зөрчлийн шинэ хууль энэ оны 7-р сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан гурван сарын хугацаанд эдгээр хуулийн хэрэгжилтийн талаарх тайлан мэдээлэл өглөө.
Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан гуравдугаар улирлын тайлан дүн мэдээг танилцууллаа. Тухайлбал шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо өсөх хандлагатай гарсан байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар шүүн таслах ажиллагаа өссөн. Эрүүгийн нийт 4423 хэрэг шийдэж өмнөх жилийнхтэй харьцуулбал 29.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иргэний 7,400 орчим хэрэг өмнө нь шийдэж байсан бол энэ жил 9,600 орчим хэрэг илрүүлсэн. Харин шинэ эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор хорих ялаар шийтгүүлсэн хүмүүсийн тоо өсөөгүй байна.
Шинэ эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 5,232 хүний ялын хэмжээг багасгаж, 1,049 ялтныг хорих ангиас чөлөөлсөн аж. Түүнчлэн ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 59.4 хувиар өссөн бол насанд хүрээгүй хүмүүс ял шийтгүүлж байгаа тоо 45.3 хувиар өссөн байна. ШЕЗ-с шүүгчийн ажлын ачаалал их байгаа тул шүүгчийн орон тоог нэмэхийг хүсч буйг онцоллоо. Монгол улсын хэмжээнд 529 шүүгч ажилладаг бөгөөд 180 шүүгчийн орон тоо улсын хэмжээнд дутуу байна гэсэн тоог гаргажээ. Мөн сүүлийн гурван жил шүүхийн төсөв буурсан аж.
Э.Ариун