Нэг үеэ бодвол Монголчууд бид оюун санааны “ур чадвар”-ыг өндөр үнэлж эхэлж байна. Монгол хүний оюуны чадварыг нээн хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын Лектор төв”, “JCI-Монгол” үндэсний байгууллага, БШУЯ-ны “Авъяас” хөтөлбөр хамтран “Оюуны Олимп”-2 Үндэсний Тэмцээнийг зохион байгуулж байна. 2009 онд Лектор төв, МЗХ, “Ижий сахиус нийгэмлэг” хамтран “Монгол хүн байна уу” сэдвийн дор анхны “Оюуны Олимп” илтгэх урлагийн тэмцээнийг зохион байгуулж байсан удаатай.
Тэгвэл энэ удаагийн “Оюуны Олимп” Үндэсний тэмцээн нь олон талаараа шинэлэг байж чадлаа. Тэмцээнд нийт 250 гаруй оролцогч оролцсон бөгөөд тэдний оюуны ур чадварыг бичих чадвар, халз ярилцлага, бүтээлч уншлага, толилуулах чадвар, илтгэх чадвар гэсэн 5 өөр шалгаруулалтаар шат дараалан шүүж, өнөөдөр Монголын хүүхдийн ордонд, шилдэг 10-ыг оролцогчийг шалгаруулан үлдээж, тэдний илтгэх ур чадварыг олон нийтийн өмнө толилуулж, “Оюуны Олимп” –ийн аварга, дэд, гутгаар байрны шагналтнуудыг шалгаруулсан байна.
Тэмцээний дүн гарахад “Оюуны Олимп” Үндэсний тэмцээний ялагчаар ХААИС-ын багш А.Отгонбаатар шалгарч, автомашины түлхүүр гардан авсан бол, дэд байрыг МУИС, ЭЗС-ийн 3-р курсын оюутан Ө.Мөнхчулуун эзэлж нөтэвүүкээр, гутгаар байранд МУИС, НШУС-ийн з-р курсын оюутан М.Энхбадрал шалгарч ухаалаг гар утсаар тус тус шагнуулжээ.
Монголын оюуны салбарт шинэ боломжийг бий болгож, оюуны бяд тэнхээг бодитой үнэлэхэд хувь нэмрээ оруулж байгаа “Лектор” төвийн хамт олонд энэ дашрамд уншигч олны өмнөөс талархснаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.
Монгол улсын хөгжлийг Оюу толгой биш, Оюунт толгой тэргүүлэх цаг иржээ…
Ц.Мөнхбаатар