Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслөөр Буянт-Ухаа орон сууцны хороололд 15000 өрхийн / 60000 хүн ам / хэрэглээг хангах цэвэр, бохир усны болон дулаан цахилгаан хангамж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа.
Энэхүү ажил нь 11 дүгээр сарын 1 гэхэд дуусах ёстой. Үүнтэй хобогдуулан өнөөдөр Буянт-Ухаа орон сууцны хорооллын дулааны шугам сүлжээний ажил, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээ, болон бусад гүйцэтгэлийн ажилуудтай Барилга, Хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан газар дээр нь очиж танилцсан байна.
Буянт-Ухаа орон сууцны хороололд инженерийн шугам сүлжээ, 200 га талбайг хамарсан барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд 57 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 8 төрлийн ажил хийгдэхээр батлагдсан байна. Үүнээс 7 ажил одоогийн байдлаар эхлээд байгаа гэнэ.
Буянт-Ухаа орчимд инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээ баригдсанаар орчин үеийн тохилог 15000 айлын орон сууцны барилга, 7500 хүүхдийн сургууль, 3750 хүүхдийн цэцэрлэг, 60 ортой ахмадын эмнэлэг, өдөрт 1315 хүнд үзлэг хийх өрхийн эмнэлэг, 300 эхийн төрөх эмнэлэг, төрийн байгууллагууд, их сургууль болон спорт цогцолборын 5-21 давхар бүхий барилга обьект шинээр баригдах бололцоо бүрдэх аж.
Үүнээс гадна Ирээдүй, Баянголын амны орон сууцны хороололд хэрэгжүүлж байгаа ажлуудтай сайд танилцлаа.
Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Баянголын аманд 450 га газарт орон сууцны хороолол барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаад байгаа. Энэхүү төлөвлөгөөгөөр 18435 өрхийн 70055 хүн Баянголын аманд амьдрах юм. Буман-Өлзий, Мянганы хотхон зэрэг орон сууцны хорооллууд баригдаж эхлээд байна.
Дэд бүтэц төслөөс хэрэгжүүлж байгаа Баянголын амны инженерийн шугам сүлжээний багц 3 ажлыг улсаас 13,3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд мөн л ирэх 11 сарын 1 нд дуусгахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна.