Аян замын тэмдэглэл:Солонгос орноор…Цуврал №1

Солонгос улсын тухай мянга түмэн мэдээлэл бий. Тэр бүхнийг унших, сонсох нь хангалтгүй, харин өөрийн биеэр очиж байж л жинхэнээр нь ойлгож чадна гэдгийг цөөхөн хоногийн аялал маань нотоллоо.

МСНЭ-ийн төлөөллөөс бүрдсэн 14 сэтгүүлч БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны урилгаар 2017 оны 10-р сарын 13-наас 19-ний өдрүүдэд БНСУ-д долоон өдөр зочлох завшаан тохиосон юм. Телевиз, сонин сайтын сэтгүүлчдээс бүрдсэн манай багийн аялал Сөүл дэхь Инчоны нисэх буудлаас автобусаар 4 цаг орчим яваад хүрэх Ганвон аймгийн Ганюун хотод ирсэнээр эхэлсэн. Хамгийн анхны уулзалт Ганюун хотын эмэгтэйчүүдийн холбооны даргатай оройн зоог хамтдаа идсэнээр эхэллээ.

Над шиг анх удаа Солонгос оронд ирсэн хүнд гайхаж сонирхмоор зүйл нэлээд их байсны нэг нь хоол идэх өрөөний үүдэнд бүгдээрээ гутлаа тайлаад, ширээний ард завилж суух байлаа. Хот хүрээнд удаан хугацаагаар амьдарсан бид тэр болгон завилж суугаад байдаггүй учраас завилж сууж хооллох эхэндээ бэрхшээлтэй байсан ч хэсэг хугацааны дараа дасаад аргаа олоод эхэлдэг юм билээ. Ингээд оройн зоогны дараа биднийг угтан авч 2 хоногийн турш үйлчилж, нутгийнхаа гоё сайхан газруудыг үзүүлж танилцуулсан Ким Хак Жун өөрийн ажилладаг далайн эргийн захад байрлах зочид буудалдаа буулгаснаар бидний анхны хоног өнгөрлөө.

Тайлбаргүй

Өглөө эртлэн босож далайн эргээр зугаалж, зургаа авахуулж хэсэгтээ л саатлаа. Тайлбарлагч маань Солонгосын зарим олон ангит киноны зураг авалтыг энд хийдэг тухай ярьсанаас үзвэл Солонгостоо нэлээд алдартай газар бололтой.

Бидний буудалласан буудал

Удалгүй бид тосгоны загасны шөлөөрөө алдартай гуанзанд өглөөний цайгаа ууцгаалаа. Маш гоё амттай загасны шөл ууж алжаал ядаргаагаа тайлсан бид “энэ загасны шөл яагаад ийм гоё амттай байгааг асуухад хөтөч маань “Хамгийн гол нь загасандаа байгаа юмаа. 30 метрийн гүнээс барьдаг. Далайн гүний бүхий л эрдэс бодисыг биедээ шингээсэн болохоор ийм амттай байдаг” гэж тайлбарласан.

Үнэхээр амттай шөл

Амттай шөл маань ийм загаснууд байж…

Гиннесийн амжилт тогтоосон галт тэрэгний буудал. Далайтай хамгийн ойрхон галт тэрэгний буудал

Аялал маань цааш үргэлжилж өвлийн XXIII-р олимп болох хотхонд ирлээ. Өвлийн олимпийн ихэнх бүтээн байгуулалт, спортын олон төрлүүд Ганвон аймгийн Ганюун хотод  болох бөгөөд хажуугийн хот Пёнчаньд олимпийн 3-4 төрөл л болох юм билээ.

Олимпийн бэлтгэл ажил хангагджээ

Өвлийн олимпийн эрхийн төлөө Солонгосчууд хэрхэн уйгагүй тэмцсэн тухай цөөн хэдэн мэдээллийг энд дурьдвал:  2010 оны өвлийн олимпийн төлөө өрсөлдөж, эхний шатанд хамгийн өндөр буюу 51 санал авчээ. Гэтэл дараагийн шатанд Канадчууд 56 санал авсанаар олимпийн эрхийг авч байсан түүхтэй. Дараа нь 2014 оны өвлийн олимпийн төлөө дахин өрсөлдсөн. Гэвч энэ удаа Оросын Сочид 51:47 буюу дөрөвхөн саналын зөрүүгээр дийлдсэн. Уг нь эхний шатанд тэд урьдын адил саналын тоогоор тэргүүлсэн. Гэтэл дараагийн санал хураалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Путин өөрийн биеэр морилж, ОУОХ- ны гишүүдийг өөртөө татаж чадсанаар үр дүнг эргүүлж дөнгөсөн гэдэг.

Хоёр ч удаа өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөөд ялагдал хүлээж байсан Солонгосчууд бэлтгэлээ илүү сайн базаасны хүчинд 2018 оныхыг зохион байгуулах эрхтэй болжээ. Энэ удаа тэд Германыг 63:25-аар илт давамгайлж эрхээ авсан юм. БНСУ өмнө нь 1988 онд зуны олимп зохион байгуулж байсан. Энэ удаа уйгагүй зүтгэсний дүнд өвлийн олимп хүлээн авах болж байгаа бөгөөд 2018 оны хоёрдугаар сарын 9-нд өвлийн олимп эхэлнэ.

Уг олимпод дэлхийн 95 орны 50 мянга гаруй тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгсөн байгаа ажээ.

Өвлийн XXIII олимпийн наадмыг Солонгосчууд 13 цогцолборт явуулахаар бэлтгэл ажлуудаа хийж байгаа бөгөөд эдгээр 13 объектоос зургааг нь шинээр барьж, бусдыг нь сэргээн засварлаж байгаа аж.

Өвлийн олимп болох хот маань  БНСУ-ын зүүн хэсэгт орших жижигхэн хот. 1.4 мянган кв.км газар нутагт 43 мянган хүн амьдардаг. Цас их унадаг болохоор өвлийн аялал жуулчлал өндөр хөгжсөн хот. Дэд бүтэц сайн хөгжсөн нь өвлийн олимпийн эрх авахад чухал нөлөө үзүүлсэн гэж тайлбарлагч хэлнэ лээ. Пёнчанаас Сөүл хүртэлх 130 км замыг ердөө 50 минутад туулдаг гэсэн.

Өвлийн XXIII-р олимпийн бэлэг тэмдэг

2018 оны Олимпийн бэлэг тэмдэг болсон бамбар, бамбаруушын тухай түүх сөхвөл Солонгост дээр үед бар их байсан ч Япончууд барын арьсыг өндөр үнээр авдаг байснаас үүдээд анчид бараа агнасаар байгаад дуусгасан гэдэг. Мөн цагаан цээжтэй хар баавгай ихтэй Солонгосчууд энэ 2 амьтанаар олимпийн бэлгэдлээ хийсэн аж.

 

Олимпийн хотхоныг зорьж ирсэн хүмүүсийг тусгайлан бэлтгэсэн танхимд оруулан цана, скит, хоккей гээд цас мөстэй холбоотой спортуудыг техник технилогийн дэвшилийг ашиглан өөрийн биеэр үзэх боломжтой байсан нь бидний сонирхолыг эрхгүй татаж байлаа.

Аялалын багийн ахлагчаас Казакстаны Катар телевиз ярилцлага авав

Олимпийн хотхоноор аялсан бидний аялал цаашлаад Ганюун хотын соёл урлагын газрын захирал Yi Jongduck-тай уулзсанаар үргэлжиллээ.

Yi Jongduck захирал түүхэн дурсгалт газруудаар аялуулав

Yi Jongduck захиралын хувьд Монголчуудын эчнээ танил хүн гэхэд хилсдэхгүй байх. Бага насны хүүхдүүдэд шаардлагатай сурах бичиг, материалуудыг Монголд аваачиж, Монголоос нэмж шаардлагатай сурах бичиг худалдан авч “Хүрээ” дээд сургуулийн хажууханд Хүүхдийн номын сан нээж өгсөн ачтай буянтай хүн юм байна. Тэрээр 11-р сарын 08-нд Монголд ирж дахин нэг хүүхдийн номын сан нээх гэж байгаа гэсэн.

Yi Jongduck захирал биднийг дагуулан хотынхоо түүх дурсгалтай газруудын нэг болох дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг танилцуулсан.

1500 оны үед Солонгосын Сэжүн хаан нь Хангил үсэг зохиолгоод Хо Гюн хэмээх зохиолч Хангил үсгээр бичсэн анхны зохиол нь Хонгилдоон. Монголчуудын үзсэн хамгийн анхны Солонгос кино гэж болох Хонгилдоон киног бид хүүхэд байхдаа шимтэн үзэж байснаа сайн санаж байна.

1500 оны үеийн бичгийн түшмэдийн гал тогооны өрөө гэнэ

Хо Гюн зохиолч тухайн үедээ Япон болон Хятадад нэр алдар нь түгж байсан алдартай бичгийн хүн байжээ. Эгч нь ч мөн 4 мөрт бичдэг алдартай яруу найрагч байсан гэдэг. Ийнхүү  эгч дүү алдартай яруу найрагчдын амьдарч байсан дурсгалын цэцэрлэгээр зочлосны дараа жуулчдын хамгийн их очдог яруу найрагчдын шүлэг яруу найргаа уншиж мэтгэлдэг “таван сар харагддаг” уулнаа гарч цайны ёслолыг үзэж сонирхсоноор бидний Канюун хотод өнгөрүүлсэн аялал маань өндөрлөсөн юм.

Жуулчдын хөлд дарагддаг 5 сар харагддаг саравч

Цайны урлаг нь биширмээр

Дараагийн очих газар маань үзэсгэлэнт Чежү арал.

Үргэлжлэл бий…

 

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …