Шинэхэн, Гэрэлтдэг IPO

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотыг зорьж, шинээр үнэт цаас гаргаж буй “Анд Энерги” ХК -ийн үйл ажиллагаа болон “Эрдэнэт Лед” үйлдвэртэй нь танилцлаа. Мөн тус компанийн Уурхайчин ордонд зохион байгуулсан үнэт цаасны танилцуулга арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцов. Товчхондоо бол их өндөр сэтгэгдэлтэй буцаж ирлээ. Дашрамд аялал, арга хэмжээг зохион байгуулсан голлох андеррайтераар ажиллаж буй “Бумбат Алтай” ҮЦК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Иймд өөрт төрсөн сэтгэгдлийг 2 хэсэгт хуваан та бүхэнтэй хуваалцаж байна.

1-р хэсэг. Үйлдвэрлэл, Бүтээгдэхүүн

Ямар ч хоосон гял цал зүйлгүй, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, ажилч хичээнгүй хүмүүс бодитой, хэрэгцээтэй зүйлийг үйлдвэрлэж байхыг харлаа. Ер нь яагаад зөв зүйл бүтээж байгаа хүмүүсийн тухай дарж ярих ёстой гэж.
Анх явахаас өмнө гэрийн, ажлын, гадаа орчны гэрэлтүүлэгт яг ямар чийдэн, ер нь юу ашиглаж байна гэдэг миний анзаардаггүй, огт сонирхдоггүй сэдвийн нэг байлаа. Ерөнхийдөө цагаанууд нь цахилгаан бага зарцуулдаг, сүүлийн үед дэлгүүрт харагдах болсон GP гэх мэт брендийн 8000-10000 төгрөгийн үнэтэй гэрлийг яагаад ийм үнэтэй байдаг байна аа гэж боддог байв.
Харин одоо бол тэр үнэтэй байдаг учрыг нь ойлгов. Нэн тэргүүнд цагаан бүрхүүлтэй гэрэл бүр ижил технологитой биш юм байна. Тэр сүүн гэрэл улайсдаг чийдэнгээс цахилгаан бага зарцуулдаг ч гэрэлтүүлэх чадвар нь тийм ч сайн биш аж. Харин Лед гэрэл нь илүү тод, мөн сүүн гэрлээс ч бага цахилгаан хэрэглэдэг, тэгээд бас ашиглалтын хугацаа нь хамаагүй урт. Бүр сайн яривал багахан зардлаар дахин засварлуулж ч болдог.
Иймд “Эрдэнэт Лед” -ийн үйлдвэрлэж байгаа Лед гэрлүүд нь цахилгаан маш бага зарцуулдаг. Шар чийдэн 1 ширхгийг асаах, 10 лед гэрэл асаах хоёр ижил цахилгаан зарцуулдаг гээд бодохоор маш их ялгаатай болох нь ойлгомжтой. Хотын бид бага анзаардаг ч төвийн эрчим хүчинд холбогдоогүй, сэргээгдэх эрчим хүч 12v-ийн хураагуурт хуримтлуулж гэрэл асаадаг орон нутгийн өрхүүдэд бол үлэмж ялгаа юм.
Иймээс ч тэдний үйлдвэрлэсэн гэрлийг зөвхөн суурин газрын өрх гэрүүд гэлтгүй орон нутгийн өрхүүд болон томоохон аж ахуйн нэгж, албан байгууллагууд худалдан авдаг байна.
Үнийн хувьд гадаадаас импортоор оруулж ирж байгаа ижил төрлийн гэрлээс даруй хямд бөгөөд эдэлгээний хувьд маш сайн байдаг талаар хэрэглэж үзсэн хүмүүс сэтгэгдэлээ хэлж байв. Ерөнхийдөө Улаанбаатар хотын зах зээл рүү бүтээгдэхүүнээ албан ёсоор нийлүүлж эхлээгүй учраас нийслэлчүүдэд хараахан танигдаагүй, харин Эрдэнэт хотод бол хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн бренд аж. Би энд зөвхөн жижиг гэрлийн тухай дурдлаа, харин тэд гудамжны гэрэлтүүлэг, шон иж бүрнээр нь үйлдвэрлэдэг бөгөөд Эрдэнэт хотын нэлээдгүй гудамжны гэрэлтүүлгийг хийсэн байна.
Мөн нэгэн онцлох зүйл нь ашиглагдаж буй схем, плат нь өөрсдийн бүтээсэн шийдэл (Монгол оюуны бүтээл) байдаг нь тэдний бүтээгдэхүүнийг чанартай, цахилгааны хэлбэлзэл тэсвэрлэх, мөн халалт өгөхгүй байх суурь нь болдог байна.
Эцэст нь хэлэхэд тус компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй гэх шалтгаан надад лав байсангүй. Нэгэнт импортыг орлох, эрчим хүчийг хэмнэх, удаан эдэлгээтэй, үндэсний гэх бүхий л зөв тодотгол, нөхцөлийг хангасаар байхад шүү дээ.

2-р хэсэг. Хөрөнгө босголт, Хувьцаат компани

Тус компани үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгохоор бүхий л урьдчилсан босго шалгуурыг даваад эцсийн шатандаа тулаад иржээ. Урьдчилсан босго гэдэгт хуулийн, аудитын, үнэлгээний болон андеррайтерын зэрэг байгууллагууд тус тусын чиглэлийн дагуу нягтлаж мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгсөнг хэлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хороо болон, Биржийн зүгээс шаарддаг бүхий л журам, нөхцөл, шалгуурыг давж чадсаныг ч бас хэлнэ.
“Анд-Энерги” ХК зах зээлд 1,5 тэрбум төгрөгөөр үнэлж 34%-аа зарах буюу нэгж хувьцаагаа 60 төгрөгөөр санал болгож байгаа. Энд нэг онцлох зүйл байгаа нь “Монголын Үнэт Цаасны Бирж” (MSX) дээр гарч буй хамгийн эхний компани юм. Манай улс 2 хөрөнгийн биржтэй болсон бөгөөд “Монголын Үнэт Цаасны Бирж” (MSX) нь анхны хувийн хэвшлийн бирж юм.
Иймд “Анд Энерги” ХК шинэ биржийн анхны хувьцаат компани болж бүртгэгдэж байгаа гэдгээрээ бас онцлогтой, түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал юм.
Эргээд компанийн хөрөнгө босгох талаар тайлбарлахад, босгосон хөрөнгийн дийлэнх хэсэг нь үйлдвэрлэл өргөжүүлэхэд зарцуулагдах ба үлдсэн хэсэг нь эргэлтийн хөрөнгөөр ашиглагдана. Ингэснээр, одоогийн жилд 15,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг хүчин чадлаа нэмэгдүүлж 150,000 ширхэгт хүргэх боломжтой болох юм. Сонирхуулахад, Монгол улсад жилд 3 сая гэрлийн бүтээгдэхүүн импортоор орж ирэн борлогддог байна. Тэгэхээр Анд Энергийн зорилт тун даруухан талдаа байгаа бөгөөд цаашид өсөлт гаргах бүрэн боломжтой юм.
Эцэст нь хэлэхэд энэ төслийн хөрөнгө босголт нь амжилттай болж, Андын инженерүүдэд цаашид итгэл дүүрэн, өргөн цар хүрээтэй ажиллах боломж нь нээгдээсэй гэж туйлаас хүсэж байна.
Би олон хувьцаат компанийн удирдлагуудтай уулзаж байсны дотроос Анд Энергийн хамт олон шиг сэтгэгдэл үлдээж чадсан нь тоотой, нэрлэ гэвэл “Говь” ХК л байна.
Юуг, хэрхэн, яагаад хийж байгаа талаараа сэтгэлд үлдтэл тайлбарлаж чадсанд нь нэг талаараа, нөгөө талаараа хийх бүтээх хүсэлд автсан хүмүүст нь боломж олгох гээд аль аль талаас нь тэдний цаашдын ажилд нь амжилт хүсэж, Монгол улсад Xятадад үйлдвэрлэгдсэн гэрэл зарагдахаа болихын ерөөлөөр тэмдэглэлээ өндөрлөе.

Нэмэлт:

“Анд Энерги” ХК-ийн үнэт цаасны танилцуулгыг холбоосоор орууллаа. Танилцуулга үзэх

Мөн Андеррайтераар нь ажиллаж буй “Бумбат Алтай” ҮЦК-ийн 9996-8989 утсаар нь холбогдож мэдээлэл аваарай.

 

Эх сурвалж: Mongol baatar

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …