Иргэний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч байхаасаа л гудамжны улс төр хийж явсан, дараа нь нэг үе одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хамтаар Иргэний хөдөлгөөний нам байгуулж хэсэг “үзсэн”, мөн 7 сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан хэргээр “аав”-ын хаалга татаж арчаагаа алдахдаа ИХН-аа хөсөр хаян АН-д элсэн “амь аврагдаж” явсан О.Магнай гэх шавилхан эр ШӨХТГ-ын гэх байгууллагын даргаар томилогдоод нэг жил болжээ.
Тус газрын гол зорилго нь Монгол Улсын эдийн засагт өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийн орчныг бий болгож, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх явдал байдаг.
Ингэхдээ өрсөлдөөний шударга бус хэлбэрүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, шударга өрсөлдөөнд харш аливаа шийдвэрүүдийг хянан зохицуулах зэрэг арга замаар бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах статустай байгууллага юм.
Тэгвэл О.Магнай дарга өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийсэн вэ? Мэдээжийн хэрэг шударга өрсөлдөөнийг буй болгохон анхаарсан олон ажлыг хийсэн байх. Гэхдээ түүний хийсэн ажлын дунд шударга бус зүйлүүд нэлээд олон. О.Магнай анхнаасаа төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилогдсныг төрийн албаны зөвлөл хүлээн зөвшөөрсөн байдаг.
Нэгэнт хууль бусаар томилогдсон түүний шийдвэрүүд ч хууль бус байх нь ойлгомжтой. О.Магнай ШӨХТГ-ын дарга болонгуутаа ажилчидаа үндэслэлгүй халж, өөрийн гэх хүмүүсээр байгууллагаа дүүргэсэн гэдэг. Дараа нь тэрээр архи пиво үйлдвэрлэдэг үндэсний томоохон компаниудад хандан тэднийг хууль зөрчсөн реклам явуулсан нэрээдлээр нэгийг нь хавчин, нөгөөг нь дэмжсэн бололтой байдаг. Улмаар Европын сэргээн босголтын банкинд АПУ компанийг хууль зөрчөөгүй гэдгийг илэрхийлсэн тодорхойлолт гаргаж өгсөн байна.
Хэдхэн хоногийн өмнө Таксины үнийг нэмэх асуудлын төлөө хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын дарга нь өөрөө хэрэглэгчийн эрх ашгийн эсрэг дуугарсан явдал болж олныг гайхшируулсан. Үүний дараа О.Магнай дарга дээрх шийдвэрээ цуцлаж, олон нийтээс уучлалт гуйсан. Төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтан байж, хувийн байгууллагийн нэрийн өмнөөс мэдэгдэл гарган чөлөөт зах зээлийн үнэ ханшийг өөрийн дураар хөөрөгдчихөөд уучлалт гуйгаад асуудлыг намжчихдаг хэрэг биш байлтай.
О.Магнай ШӨХТГ-ын даргаар томилогдоод нэг жил болж байна. Тэрээр өнгөрсөн нэг жилд хэрэглэгчдийн төлөө ажилласан уу, хувийнхаа хэргийг амжуулсан нь гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.
Ц.Мөнх