Биеэ магтуулах дон ба долигонуур араншин

     Манай өнөөгийн ний+гэмд биеэ биедээ тал засаж, тэнгэрт гартал үндэслэлгүй магтдаг, улайм цайм долигонож долдгонодог, бялдуучилж зусарддаг ааш араншин газар авч байгаа бололтой юм. Хэн гэдэг этгээд анх эрүүл ухаантай хүн ичиж үхмээр ийм гаж сэтгэлгээг сэдэж манайд гаргаж ирж хэрэглэдэг болгосон юм бол доо. Уул нь манай шударгуу Монголд ийм ёсон бус гаж, мулгуу үзэгдэл байгаагүй л юмсан. Муу бараанд хүчтэй реклам хэрэгтэй байдаг шиг тааруухан этгээдэд хуурамч магтаал ус агаар мэт хэрэгтэй байдаг бололтой дог оо.

     Ний+гэмийн хувьсамтгай үзэгдлийн аясаар үзэл бодлоо 180 хэмээр хааш нь ч хамаагүй эргүүлж явдаг ноён нуруугүй этгээдийг “-изм” үндэслэгч, соён гэгээрүүлэгч, бараг баастай бурхан гэж захиалгаар бичиж, олны сэтгэлгээг мунхруулалцах гэж оролдож буй этгээд хэр зэргийн зусарч зантай хүн байж таарах вэ гэж төсөөлөхөөр оролдоод үзэхэд хэмжээ хязгаар нь ер харагдахгүй ажээ. Яаж гар, сэтгэлгээ хоёр нь хөдөлгөөнд орж, ийм юм бичиж, хэмжээ хязгааргүй зусардаж чаддаг байна. Социализмын үед бол намын даалгавар гэдгээр сэтгэлээ бөхлөөд бичиж болдог байсан байх. Гэтэл өнөөдөр чухам ямар юмаар энэ зусарч үйлдлээ цагаатгаж байж бичдэг болсон юм бол доо. Долигонуур долдгонуур зангийн илрэл л гэлтэй.

     Эсвэл хүнийг хорлоё гэвэл үндэслэлгүй магт гэдэг бичигдээгүй хуулийн дагуу далд санаа нэрж суудагшуу юм болов уу. Түүнээс биш тэнгэрийг цоолоод сансараар нистэл хамаа намаагүй магтах хэрэг баймааргүй юм аа. Үнэхээр найз нөхөр нь мөн л юм бол хоосон магтаж, эргүүтүүлж байхаар үнэнийг нь хэлж, амьдралд ойрхон байхад нь туслах ёстой юм биш үү. Монгол ёсонд найз нөхрөө үндэслэлтэй, үндэслэлгүй эргүүттэл нь магтах ёс байдаггүй л сан. Муулахгүй л байвал болдог сон доо.

     Үндэслэлгүй тэгэж их магтуулчихсан этгээд дараа нь яажшуухан хүмүүсийн нүүрийг ичихгүй хараад явж чаддаг юм бол доо. Дээхний Монголчуудынхаар бол Ичих нүүрэндээ элэг наасан, айх нүүрэндээ арьс наасан, орчин үеийнхээр бол ичих булчирхайгүй болчихоогүй л бол эрх биш ичмээр юм аа. Дур биеэ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдгээр л өөрийгөө дотроо өргөмжилдөг, түүндээ өөрөө үнэмшээд бусдыг бас тэгэж боддог гэж эндүүрч эрүүл ухаанаар зөв сэтгэж чадах чадвараа алдсан хүн л биш бол өөрийнхөө тухай өөрийнхөө бодлоо бусад нялзаах гэж мухарлаж явмааргүй сан. Зон олныг бие дааж сэтгэн бодох чадваргүй гэж энэ мэтчилэнгээр дахин бүү басамжилж байгаарай гэж дахин дахин зөвөлмөөр байна. Тэд ганц хүн гэгдэх хэнээс ч ухаантай гэдгээ харуулах үедээ бас харуулж чаддаг юм шүү.

     Анх эх оронч мэт дүр эсгэн гарч ирмэр болоод удалгүй уусан ус, унасан шороогоо харийнханд барьцаалж өгөхөөр ухуулан сэнхрүүлэгч, зон олноо харь гарал үүсэлтэй мэтээр сурталчлагч болтлоо доош гулгасан этгээд ямар “-изм”-ыг үндэслэдэг юм бол доо. “Урвахизм”, “уруу дорой сэтгэлизм”-ийг сурталчилж, бусдын оюун санааг доош нь татаж унагах “харизм” л  биш бол өөр юу байх билээ. Бусдын оюун санааг будантуулан харанхуйлуулагч нэгэн олны оюун санааны эцэг, соён гэгээрүүэгч болж өргөмжлөгдөхийг мөрөөдөж явна гэдэг гал ус хоёрыг харшалдуулах мэт биелшгүй мөрөөдөлд автаж явнам гэлтэй бус уу. Энэ чинь урьд өмнө хаана, хэзээ гарч байсан үзэгдэл вэ? Тийм үзэгдлийг би мэднэ, би харсан гэх хэн нэгэн хүнийг хорвоо ертөнцийн хаана ч байсан эрж олоод царайг нь түмэн олонд харуулах юмсан. Гэгээн өдөр лаа бариад хорвоог тойрсон ч эс олдох биз ээ.

     “Изм үндэслэгч” өөрийнхөө үзэл бодлоосоо урваж, эсвэл анхныхаа сурталчилгаагаа ор тас мартчихаад фронтын нөгөө талд гарчихсан цогиж явдаг юм бол юуных нь соён гэгээрүүлэгч, юун ноён нуруутай этгээд байх билээ. Эх орноо мөхөл сүйрлээс аврах гэж байгаа юм шиг бөөн анхааруулга хайрлаад байсан хүн олны нүдэн дээр санаагаа хувиргаад өвөг дээдэс, өрлөг түүх, өв соёлдоо дайсагнагч, дайран давшлагч болчихдог нь эсвэл худалдагдсан этгээд, эсвэл хуурамч жүжиг тавьж, нэр төрийн хойноос хөөцөлдөж явсан этгээд л байдаг. Түүний нотолгоог хамелеон шиг хувирч өөрчлөгдсөн байр суурь, зан чанар хоёр нь тодорхой харуулж өгдөг. Ер нь бол мэдлэг нимгэн, ухаан санаа нь тогтворжоогүй, оюунт хүн болж төлөвшиж чадаагүй хүн л улааныг харж урваж, шарыг харж шарвах нь амархан байдаг. Тийм хүмүүст ноён нуруу гэх юм бараг байдаггүй учраас ний+гэмийн зуурдын үзэгдэл бүхнийг дагаж, дүр төрх нь хувирч өөрчлөгдөж байдаг онцлогийг дотроо агуулж явдаг. Тодруулж хэлбэл өнөөдөр Өрнө дахин моодонд орлоо гэх сураг сонсогдох л юм бол барууны бүх юмыг рекламдагч болчихсон гүйж явдаг, маргааш Дорно дахин моодонд орлоо гэх юм бол дорныг магтан дуулагч болчихсон л тууж явах жишээтэй.

     Худалч хүн урьд ярьж байсан зүйлээ мартчихдаг шиг тэд зүсээ хувиргаснаа мартчихдаг бололтой  байдаг. Энэ талаараа худалч хүн, үзэл санаа хувьсамтгй хүн хоёр тун чиг ижилхэн. Тэд маш их мартамтгай учраас бусад хүмүүсийг бас мартамтгай гэж боддог маягтай байдаг. Тийм учраас үгүйсгэлийн хуулирхуузүйлд захирагдмар аядаж, урьдах яриагаа хойнох яриагаараа арчиж хаясан шигээ олны дунд ичих нүүргүй алхаж л явдаг. Тиймээс зарим нэгэн сэхүүн зантай нь аль нэг үндэстний, бүр даварвал элгэн түмнээ хоцрогдсон бүдүүлгээр нь дуудаж, юм ойлгодоггүй ухаан муутайг нь гайхаж, мангуу мулгуугаар нь цоллон загнаж юм уу, төрөлх үндэстнийхээ ариун нандин зүйл өөд нүүр нүдгүй дайрч давшилж байгаад нэр төр олж авна гэж хөнгөн хуумгай сэтгэж, эндүүрлийн дээдээр эндүүрч явах нь ч бас бий.

     Вестернизм гэгчийн далбаан дор барууны дээрэнгүй үзлийн боол зарц болон хувирч, гурван хэмжээст сэтгэхүйгээр ойлгодог нарийн нандин юмс үзэгдлийг хоёр хэмжээст сэтгэлгээгээр үл ойлгохынхоо хэрээр хоцорсон сүүлдсэн гэж ухвар мөчдөөр шүүмжилж, доромжилж, дайрч давшилж, үгүйсгэж “оюунт хүн”-ий гүн гүнзгий сэтгэн бодох чанарыг гутааж, өнгөц сэтгэлгээний үлгэр жишээ болж явах гэдэг юуны сайхан байхав. Энэ чинь харин өөрөө тэнэгээрээ гайхуулж байгаа хэрэг биш үү.

     “Талын баатрууд гэх вестернизмийн хуурамч сайхан гарчиг (уншигчдыг татах тэдний хэвлэлийн арга заль нь ийм байдаг) тавьж байгаад алуурчин дээрэмчин гэж өвөг дээдэс, төрөлх түмэн олноо бүхэлд нь хараан зүхэж, харь элэгтний муу үзэл суртлын дуу хоолой болж явсан этгээд зон олонд сайныг санаж, хайр зарлаж явна гэхэд тун хэцүү. Харийн хүн танай гэрт орж ирээд Танай аав маш муу, тэнэг хүн байсан. Өвөө чинь бүүр ч тэнэг мангуу амьтан байсан гэж нүүр нүдгүй муулахад нь Тийм шүү. Тэд таны ярьж байгаагаас ч муу муухай, усан тэнэг амьтад байсан юм гэх мэтээр хамт муулалцаж суудаг этгээд ямар ёс суртахуунтай, хайрлаж нандигнах ямар ариун дээд зүйлтэй хүн байх вэ гэдгийг бодоод үзэх гэхээр сэтгэл зүрх, тархи толгой нь хов хоосон, оюун санаагүй шахам арчаагүй нэгний дүр тодорч харагдах нь хэнд ч ойлгомжтой бус уу.

     Манай Монгол ёсонд нөхөрлөдөг найзыгаа ч нүднээс далд бусадтай нийлж бүү муул! гэж зааж сургасан байдаг сан. Тэр муулаад байдаг зон олон дотор нь түүнийг төрүүлсэн аав ээж, өвөө эмээ, өвөг дээдэс, удам судар (за өөрөө ч өнгөрч) нь багтдаггүй юм болов уу даа. Өөрөө бас багтдаггүй юм болов уу гэхээр өөрийгөө хэдэн үе дамжсан Монгол сайн хүмүүсийн үр гэх гээд байгаа бололтой удам судраа дэлгээд байгаа ч юм шиг, өөрийгөө магтах гээд байгаа ч юм шиг нэг зүйл бичээд саяхан нийтэлчихсэн байсан даа. Тийм шалдар булдар зүйлийг хэн сонирхоно гэж нийтэлдэг юм бүү мэд ээ. Тэгээд тэрнийг нь дахин хэвлэж өгөөч гэж манай боловсролын нэг том байгууллага бүр хэрэг болгож гуйж гувшсан бололтой байсан шүү.

     Барууны боловсрол, сэтгэлгээнд өөрийгөө нэвтэрч гэгээрсэн гэж ухвар мөчид ойлгож, түүгээрээ ард түмний толгой дээгүүр харайсан гэж биеэ тоож, бүр буруугаар сэнхэрч төөрөлдсөнөөсөө болоод тэднийг сурган хүмүүжүүлэх, номчирхож ном айлдах эрхтэй болсон гэж өөрийгөө үздэг хэн ч бай, харин ч огт ухаажаагүй, оюун санааны хамгийн доод шатандаа буй ааш араншинтай этгээд яах аргагүй мөн байдаг.

     Ер нь ямар нэгэн байдлаар ухаантны дүр эсгээд юм болгоныг шүүмжлээд, эсвэл харийнхны муулах үгийг тоть мэт давтаад харайж явах, эсвэл бэлдэж өгсөн юмыг орчуулмар болгоод нийтлэх гэдэг ухаан шаардсан тийм хэцүү ажил гэж үү. Бидний бодлоор бол оюун ухааны ажиллагаа огт шаарддаггүй, авах гээх, дүгнэж цэгнэхэд түшиглэдэг бие даасан сэтгэлгээний үнэр ч үгүй шахам машид хөнгөн хийсвэр ажил төрөл шиг санагдана. Тэгэж харийн атгаг санааг нэтрүүлэгчийг эрүүл ухаантай хүн бүр мунхруулагч гэхээс биш соён гэгээрүүлэгч гэх нь юу л бол доо.

     Энэ гаж сэтгэлгээг зоос гэж үзээд нөгөө талыг нь эргүүлж үзсэн ч олигтой юм бас л харагдахгүй нь бүр хачирхалтай. Тодруулж хэлбэл өөрийгөө магтуулчихвал хүмүүс түүнд итгээд намайг мундаг хүн гэж итгэдэг болно гэсэн гэнэхэн бодол цаанаас нь цухалзаж байх юм. Тэдний бодлоор хүмүүс өөрсдийх нь хэлсэн ярьсан бүхэнд үнэмшиж байдаг тийм гэнэн хонгорууд байх ёстой юм байх даа. Ямар өчүүхэн, ямар явцуу сэтгэлгээ гэхээр ийм байдаг байна аа. Ийм сэтгэлгээ муу хүн өөрийнхөө эвдэрсний хэрээр сэтгэдэг гэдэг орос ардын зүйр цэцэн үг юутай үнэн вэ гэж яах аргагүй бодогдуулна. Үүнээс бас л ард олныг тэнэг гэж дор үзэж, басамжилсан үзэл цухалзсаар л байгаа нь биеэ хэт тоож, өөрөө өөрийгөө өргөмжилсний илрэл гэлтэй. Зоосны нэг тал ядаж гоё гэмээр байдаг даа. Гэтэл энэ зоосны хоёр тал хоёулаа муу муухай байгаа нь нэн хачирхалтай.

     Манайд магистрантурт сурч байсан тайвань залуутай ярилцжээ суухад тэрбээр манай хятадууд биеэ магтуулах маш их дуртай байдаг, харин Монголчууд та нар хийсэн үйлээ гайхуулаад, магтуулаад байх дургүй юм гэж хачирхаж байж билээ. Энэ бол хэдхэн жилийн өмнө болсон яриа хөөрөө юмсан. Гэтэл өнөөдөр биеэ захиалгаар магтуулах, тэр тусмаа бүр үндэслэлгүй магтуулах, өөрөө өөрийгөө магтаж түмэн олны бие даасан сэтгэлгээг төөрөгдүүлж доромжлох гэсэн арчаагүй оролдлого үхэж мөхөж өгөхгүй байсаар л байх юм. Урьдах ний+гэмийн үед л коммунистууд үзэл сурталд хэт ач холбогдол өгч өөрөө өөрсдийгөө, дарга нарыгаа үндэслэлтэй, үндэслэлгүй магтахын донд автсан байсан сан. Тэгэж үндэслэлгүй магтаалд умбаж байгаад л социализм унасан даа.

     Монгол чигч шударгуу зан чанарыг орчин цагт ул болгох “Хуулийг гууль болгох, уламжлалыг ул болгох” гэхчилэн оролдоод байгаагийн нэгэн жишээ энэ өөрөө өөрийгөө магтах, магтуулах дон, бялдууч зусарч араншин яах аргагүй мөн. Энэ бол угтаа урагшлалт биш ухралт юм.

     Зөв сэтгэхүй, зөв сэтгэл, зөв бодол санаа, зөв хүсэл тэмүүлэл, энэрэнгүй сэтгэл, эх орон, элгэн түмнээ хайрлаж, ойлгох үзэлтэй байж байж, тэдний өмнө гавъяа байгуулдаг болохоос биш өвөг дээдэс, аав ээж, ард түмэн, эх нутгаа харийнханы аясад нийцүүлж муучилсан, тэдэнтэй нийлж мунхаруулалцаж, тэдний шуналд барьж өгөхөөр оролдож байсан этгээд хэзээ ч гавъяатан болж чаддаггүй гэдгийг ухаарвал зохилтой, бүр яаж ч өөрийгөө өргөмжилсөн  тэр шүү. Тэгэж эндүүрч сэтгэж явдагшуу юм бол хөгөө хөлдөө ширэхэд хүрнэ ээ дээ. Ямар ч атугай бусдын оюун санааны сартваахи болох гэсэн мөрөөдөл чинь сөнөсөн. Хүмүүс хэргийг чинь уучилна гэхэд хэтэрхий олон жил хэтэрхий олон дэмий зүйлийг биччихэж дээ.

     Ард түмэн ихэнхдээ өр төлөөс нэхээд байдаггүй ч өөртөө хар буруу санасан, хор хүргэсэн хэн нэгнийг хэзээ ч уучилдаггүй. Тийм хүнийг тэд зөвхөн үл тоомсорлолтоороо хэн ч биш болгодог. Түүний хамгийн ойрхоны жишээ нь киргизийн ерөнхийлөгч асан Акаев юм. Тэр хүн ээлтэй цагийн салхиар өндөрлөгт санаандгүй гарч ирсэн боловч ард түмнийхээ төлөө олигтой юм юу ч хийлгүй зөвхөн өөрийнхөө нэр төрийг улам дээш нь татахын тулд л ажилласаар байгаад ард түмэнд ширвүүлсэн. Гадаадад завсаргүй айлчилж, очсон улс бүрийнхээ Шинжлэх ухааны академийн юмуу, эсвэл их сургуулийн хүндэт доктор болохыг л асар ихээр сонирхож явдаг хүн байж билээ. Тэгэж явахдаа алдар нэрээ улам улмаар өндөрт өргөж явна, манай ард түмэн намайг биширч шүтэх ёстой гэж эндүү сэтгэж явсан аж. Гэтэл ард түмэн нь түүний тухай түүний хүсэж мөрөөдөж явдаг шигээр нь өргөмжилж, биширсэн бодол санаагүй байж таарсан даа. Өөрийгөө өргөмжлөх, биеэ бусдаас дээгүүр тавих хийрхүү мөн чанартай хүмүүс эргэн тойрныхоо сэтгэлзүйг ойлгох чадвараа амархан алдаж, нүд нь харлаган болчихдог. Үүнийг эс ухаарч магтаалд хэт шунавал Акаевын нэгэн адил болж мэднэ шүү.

     Эцэст нь нүцгэн үнэнийг шуудхан хэлэхэд “Үндэслэлгүй магтаалын үгс хэнбугайг ч хөл алдуулж, толгойг нь эргүүлж, эрүүл ухааныг нь нэгмөсөн алдагдуулдаг аймшигтай зэвсэг” билээ. Ер нь бол энэ ертөнцийн хамгийн ухаантай хүн бол хоосон магтаалаас зай барих гэж ямагт оролддог, түүнд барагтай бол үнэмшдэггүй хүн л байдаг юм. Яагаад гэвэл хүнийг жинхэнээсээ цусгүй алдаг зүйл бол хоосон магтаал, өөрийгөө өргөмжилсөн хийрхүү сэтгэлгээ хоёр л байдаг. Нэгэн түүх өгүүлэхэд Их эрдэмтэй, маш ухаалаг нэгэн багш гурван шавьдаа мэддэг бүх эрдэм номоо зааж сургасан гэж үзээд нутаг нутагт нь буцаахаар болохдоо хамгийн сүүлийн захиас, сургааль гэж шавь нартаа хандаж, хүн гэдэг амьтан магтаалд маш их дуртай байдаг юм шүү. Тийм болохоор ажил үйлсээ бүтээе гэвэл хүнийг магтаж яваарай гэсэн гэдэг. Гэтэл нэг шавь нь тийм шүү. Манай багш шиг магтаалд дургүй хүн байхгүй шүү гэж хэлэхэд багш нь сэтгэл  машид хангалуун дүртэй сууж байсан гэдэг. Гэрээс гараад тэр залуу нөгөө хоёртоо би багшийнхаа захиасыг хамгийн түрүүнд өөрт нь хэрэглэж чадлаа гэж хэлж байсан гэдэг”.

     Урваж болдоггүй зүйл гэж бас байдаг. Түүний нэг нь эх оронч үзэл юм. Эх орончийн дүрээр тодорсон л бол эх орончоороо дуусахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл нярай хүүхэд анхандаа эх эцгээ үнэрээр нь таньдаг шиг эх орноо хүн бүр эхийн сүүгээрээ дамжуулан мэдэрч зүрх сэтгэлдээ шингээж авсан байх учиртай байдаг. Тэгээд ч энэ хорвоо дээр хамгийн тогтвортой, бас аливаа хүнийг хамгийн ихээр чимдэг зүйл бол эх оронч үзэл билээ. Түүгээр өрнөдийн үе үеийн олон түмэн хүн сэтгэл зүрх, оюун санаа, дүр төрхөө чимсээр ирсэн юм. Хамгийн энгийн жишээ нь Рокфеллер, Морган тэргүүтэй өнгөрсөн үеийн тэрбумтангууд, тэднийг залгамжилсан өнөөгийн тэрбумтангууд, үндэстэн дамнасан корпорациудын эзэд эх орончид биш байсан гэж үү, биш гээд батлаадах л даа. Тэд зөвхөн өөрийнхөө төлөө л ажиллаж, хязгааргүй их хөрөнгө мөнгө цуглуулсан гэж бодож байна уу? Тэрэн шиг эндүүрэл байхгүй шүү. Тэд эх орноо баян чинээлэг болгох гэж, элгэн түмнээ сайн сайхан амьдралтай болгохын төлөө зүтгэж ирсэн юм. Тэд бол ясны эх орончид байсан. Энэ бол хольцоогүй үнэн. Үүнийг хэн ч яагаад ч үгүйсгэж чадахгүй.

     Харин тэд байгалийн баялаг, түүхий эд муутай болсон эх орноо аврахын тулд бусдын баялаг руу хуруу дүрэх шаардлагатай тулгарсан. Тэд эх орончид байсан учраас бусдын баялагт нэвтрэхэд эх орончид хамгийн их саад тотгор хийнэ гэдгийг хэтэрхий сайн мэдэж байсан учир өөрсдийнхөө эх оронч үзлийг дотроо далд нууж, бөх зүрх гарган гаднаа огт өөр дүр эсгэж, өөрсдийнхөө нэгэн адил эх орончдын эсэргүүцлийг нугалан дарж байх арга технологи боловсруулсан юм. Хэрвээ тэд эх оронч үзлийг гүнзгий мэдэрдэг эх орончид биш байсан бол тийм аргачлалуудыг боловсруулж чадахгүй байсан гэдэг нь ойлгомжтой. Тиймээс инээсэн бүхэн найз биш гэдэг шиг ангайсан ам бүхэн үнэнийг эс өгүүлдэг. Энгийн хүнд санаа бодлоо ойлгуулахын тулд хэл заяасан байдаг. Харин дипломат хүнд санаа бодлоо нуухын тулд хэл заяасан байдаг гэсэн бичигдээгүй томъёоллыг орчин үеийн хүмүүний ертөнцийн мөн чанарыг ухаарч мэдрэхийн тулд сайтар ухаж ойлгож авсан байгууштай. Өрнөдийнхний өнгөн талын яриа хөөрөө, онол номлолыг хөөрцөглөн хүлээж аваад байвал усанд хөл алдахтай адил мэт болно гэдгийг санаж явахад огт илүүдэхгүй. Долоо хэмжиж байж нэг огтлох-од ухаан чинь хүрэхгүй бол бусдын буруу чиглүүлсэн үгээр будаа тээж, буцахдаа чулуу тээсээр л байх нь лавтай.

Ж.Бор

Д.Баатар

Эх сурвалж:Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …