Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг тооны ухааны энгийн томъёог хүн бүр мэднэ. 5+3 болон 3+5 гэдэг тооны эцсийн хариу нь адилхан найм. Тоон ухааны энэ чанар хүмүүний амьдралыг ч тодорхойлох шинж чанартай.
Жишээлбэл, Итгэл үнэмшил, амьдралын зарчим, аливаад хандах хандлага, арга барилаараа адилхан хүмүүсийг нэгнээс нь дээрдүүлж, илүү сайн гэж ойлгоход төвөгтэй.
Гэвч харамсалтай нь нөхцөл байдал 90 жилийн түүхтэй, өдгөө төр барьж байгаа МАН-д тохиох болжээ. МАН-ын 28-р Их хурал энэ сарын 20-ны өдөр болно. Энэ өдөр 60 тэрбумын асуудалд орооцолдож, МАН-ын нэр хүндийг “шороотой хутгасан” МАН-ын дарга М.Энхболд ажлаа өгч энэ намыг шинэ дарга төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдоно.
МАН-ын шинэ даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, МАН-ын УЗ-ийн гишүүн Н.Дэмбэрэл нар дэвшин өрсөлдөхөөр болжээ. Ажиглагчид гол өрсөлдөөнийг нэр дэвшигч У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын хооронд болно гэж хэлж байна. 90 жилийн түүхтэй МАН дотроо 2 бүлэглэл фракцид хуваагдсан гэдэг нь нэгэнт ил болсон зүйл.
УИХ-д 65 суудалтай МАН ингэж хуваагдах болсны шалтгааныг хүмүүс олон янзаар хэлж байгаа ч үнэндээ шинэчлэл, шударга ёсны төлөө ажиллахыг эрмэлзэж байгаа У.Хүрэлсүхийн тал, хуучны арга барилаа баримталж ажиллаж, 60 тэрбум, концессийн будлианд оролцогчдыг хамгаалж үлдэхийг эрмэлзэж буй М.Энхболдын талыг баримтлагчид гэж 2 хувааж болох.
М.Энхболдын бүлэглэл МАН-ын даргад Д.Хаянхярвааг “сойж” байгаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хувьд эхнээсээ М.Энхболдыг “дагаж”, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн хүн гэх юм билээ. Тэр хэрвээ МАН-ын дарга болвол иргэд та бид МАН-аас өөрчлөлт шинэчлэлт, шударга ёс, хариуцлагын тогтолцоог нэхээд ч нэмэргүй.
Товчхондоо нийтлэлийн эхэнд дурьдагдсан шиг “Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг зарчим үргэлжилнэ. МАН-д өөрчлөлт шинэчлэлийн сэвэлзэж байгаа салхи энэ хүнийг дарга болвол намжиж, өмнөх бахь байдаг руугаа эргэлт буцалтгүй шилжинэ.
Ийм содон сонголтын өмнө МАН-ын 28-р их хурал болох төлөвтэй байна. Төрийн эрхийг барьж байгаа МАН-д хариуцлаг шударга ёсны салхийг сэвэлзүүлэх үү эсвэл шударга ёс, хариуцлагын тогтолцоо үүдэнд гишгэгдэж, албан тушаалтнуудын эрх мэдэл дахин хоймор залагдах уу гэдэг сонголтын өмнө МАН-ын Их хурлын 1200 гаруй төлөөлөгчид тулгараад байна. Халхын заяа их гэдэг дээ, ямар сонголт хийхээ эрхбиш МАН-ын төлөөлөгчид шийднэ буй заа.
Ц.Мөнх