Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн нүүр хуудсандаа Өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудад яагаад 300 мянган төгрөг олгогдох боломжгүй болсон талаар тайлбар хийлээ. Тэрээр хэлэхдээ
“Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл зарим өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудын хамт 300 мянган төгрөгөөс ялгаварлалаа хэмээн хэвлэлийнхэнд ханджээ. Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах эрх бүх хүнд бий. Гэхдээ хуулийн хүрээнд асуудлаа тавих учиртай.
2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмэгдээгүй байдаг. Шинээр бүрэлдсэн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч эхний ээлжинд төрийн албан хаагчдынхаа орлогыг нэмэгдүүлэх шийдвэрийг элдэв шүүмжлэлийг сөрөн байж гаргасан билээ. Өрхийн эмнэлгүүд орон нутгийн өмчид тулгуурласан нөхөрлөл юм. Тиймээс төрийн албан хаагчдын адил урамшуулал авах хуулийн боломжгүй байгаа юм.
Гэвч анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам хуулийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлэгт тус бүр 8 сая 50 мянган төгрөгийн санхүүжилт хийх шийдвэрийг Даваа гаригт гаргасан юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд төр засаг тухайн хороонд амьдарч буй иргэдийн тоогоор санхүүжилт олгож ард түмэндээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Энэ санхүүжилтийг нэмэгдүүлсэн нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих, тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Үйлдвэрчний эвлэлийн зарим төлөөлөл энэ шийдвэрийг өөрсдийн шахалтаар гаргуулсан мэт ойлголт олон нийтэд өгөх үйлдэл хийсэнд харамсаж байна. Цаашид Эрүүл мэндийн яам хэн нэгний шахалтгүйгээр эмч,эмнэлгийн ажилтнуудынхаа ажил хөдөлмөрийг бодитой үнэлэх чиглэлээр тууштай ажиллана. Эхний ээлжинд эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан захиран зарцуулах боломжийг бүрдүүлээд байна. Цаашид өрхийн эмнэлгийн төвүүд өдрийн эмчилгээ хийх, гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болгож байна.
Энэ мэтчилэн эмнэлгийн үйлчилгээ нь ард иргэддээ ойрхон, эмч ажилтнууд нь ажил хөдөлмөртэйгээ уялдсан цалин урамшуулал авах бодит нөхцлийг бүрдүүлж ажиллана. 2018 онд өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт анх удаа 10-15 сая төгрөгөөр нэмэгдлээ. Өрхийн эмнэлгүүдийн тухайд оны эцэст ажлын гэрээг дүгнэхдээ даатгалаас санхүүжих чадамжийг харгалзах зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгөх болно. Мөн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудыг улсын эмнэлэгт шилжүүлж, өөр менежментийг багийг Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллуулах зэрэг сонголтууд та бүхэнд байгааг мэдээлж байна. Цаашид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд энэ мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэлээ.
Эх сурвалж: ЭМЯ