Энэ сарын эхээр Өмнөд Калифорнид дэгдэж эхэлсэн “Thomas” гал түймэр өчигдөр хяналтаас гарч улам хүчтэй дүрэлзэж эхэлжээ. Үүний хажуугаар гарсан салхи түймрийг ойр орчны нутаг дэвсгэр рүү нэвтрэхэд хүргэсэн.
Улмаар гал түймэр Калифорнийн төв хэсэг болох Санта Барбара руу нэвтэрсэн байна. Гал сөнөөгчид одоогоор гараад буй гал түймрийг хамрах хүрээгээрээ Чикаго мужийн хэмжээтэй гэдгийг мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар гал сөнөөгчид “Thomas” гал түймрийн 15 хувийг унтрааж чадсан. Галынхан өчигдөр өглөө ойр орчны хөрс шороо, ой, айл өрхүүд гал түймэрт автаад буйг харуулсан зарим зургийг twitter-т оруулсан.
Санта Барбара хотод 100,000 орчим хүн амьдардаг. Жүжигчин Роб Ловь мөн амьдардаг уг хотын төв хэсгийг Газар дундын тэнгисийн загвараар байгуулсан аж. Жүжигчин Роб Ловь “Хотынхоо төлөө залбирч байна. Гал сөнөөгчид зоригтой үйлдлүүдийг хийж байгаа нь бахархмаар байна.” хэмээжээ.
Калифорнийн гал сөнөөгчид долоо хоногийн өмнөөс гал түймрийг унтраахаар шургуу ажиллаж эхэлсэн. Өмнөд Калифорнийн хэдэн 10,000 акр газарт зургаан том болон хэд хэдэн жижиг хэмжээний гал түймэр дэгдсэн. 200,000 хүн гэр орноосоо дайжиж, 800 гаруй барилга байгууламж сүйдсэн аж.
70 настай эмэгтэй амь насаа алдсан бөгөөд хэд хэдэн гал сөнөөгч хүнд түлэгдсэн. Цаашлаад хэдэн сая ам долларын үнэтэй тариалангийн газар сүйдсэн байна.