Хэдэн хүүхэд хар тамхи татаж, улмаар нэгнээ хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ талаар Г.Номундарь гэх охин олон нийтийн сүлжээнд мэдээлсэн юм. Гэвч цагдаа, шүүхийн байгууллага энэ талаар мэдсэн зүйл алга. “Юу ч гэсэн шалгаад үзье” гэсэн янзтай хариултыг сэтгүүлчдэд өгч байна.
Чимх бодисыг хагас сая төгрөгөөр худалдаж авч, наргих чадамж борчуудын хүүхдүүдэд байхгүй л дээ. Тиймээс л охины дэлгэсэн мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарьж, хэний хүүхдүүд ийм хэрэг үйлдэв гэдэг дээр анхаарлаа хандуулж эхлэв. Магадгүй ийм зорилготой ч үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Хэдэн залуугийн зураг цахим хуудсаар хөвөрч, зарим нь буруутгаж, зарим нь өмгөөлж харагдлаа.
Гэвч үүний цаана ямар муухай үйлдэл хийгдэж болзошгүй байгааг хэн ч анзаарсангүй. Хүүхдүүд наргисан, гэмт хэрэг үйлдсэн үгүйг шүүх л эцсийн байдлаар тогтооно. Харин түүнээс өмнө Г.Номундарь охин “би бусдын дарамтанд ороод ийм мэдээлэл хийчихсэн” гээд мэдэгдэл хийвэл яах вэ. Охиныг худал мэдээлэл хийгээгүй гэдэгт олон түмэн итгэж байгаа. Тиймээс тэр задарсан залуусыг олж, шийтгэл ноогдуулах ёстой гэж шүүмжилж байна.
Гэтэл энэ дунд өмгөөлөгч Г.Батбаяр шиг нөхдүүд гарч ирээд хор хутгах вий л гэж болгоомжилж байна. Бид л мартчихаад байгаа болохоос биш иймэрхүү гэмт үйлдлүүд өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан юм шүү. Нэг нь Хууль зүйн сайдын холбогдсон насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэг. Олон нийтийг ихэд байлдан дагуулж байсан энэ үйл явдлын гэм буруутан нь Г.Сарангэрэл охин болоод л өнгөрч байлаа.
“Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэгчээр Х.Тэмүүжин зүгээр байхад Г.Сарангэрэл юу хийж сайдын өрөөнд орох вэ дээ. Ийм асуудал байсан учраас л Цагдаагийн газраас ажиллагаа зохион байгуулж, сайдын ноотой үйлдлийг газар дээр нь илрүүлж, яг л энэ цаг үед охид бүсгүйчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх шахаж байв.
Гэвч Г.Батбаяр гарч ирсэн. Улмаар тэр Г.Сарангэрэлийн хажууд сууж байгаад, охиныг загнаж байгаад л гэм буруутан болгож, шорон руу явуулчихсан. 18 ч хүрээгүй охин хар тамхичин нэгэн болж, сайд гуайн нэр энэ хэргээс цэвэрлэгдэв.
Яг ийм л зүйл Г.Номундарь охинд тохиож, нөгөө хар тамхи татаж, хүчирхийлэл үйлдсэн залуус хэргээс мултарчих вий дээ. Залуус яах вэ тэдний хойно байгаа томчууд гэх улсууд л нэрээ цэвэрлэхээр Г.Батбаяртангуудыг энэ хэрэг рүү илгээж магадгүй юм.
Энэ талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “Номундарь охин намайг дарамталж, энэ бүхнийг яриулсан гэх үед нөгөө солиот Батбаяр өмгөөлөгч хажууд нь сууж байж мэднэ” бичсэн байгаа юм. Л.Мөнхбаясгалан Батбаярын талаар сайн мэднэ. Учир нь Сарангэрэл ялтан болж, Л.Мөнхбаясгалан олны өмнө “гэм буруутай” гэж дуудуулахад хүргэсэн хүн бол өмгөөлөгч Г.Батбаяр юм. Тиймээс л тэрээр Г.Батбаярт хандаж “өмгөөлөгч янхан хоёр адилхан байдаг” гэж сэтгэгдлээ илэрхийлж байжээ.