“Соробан сампин” олон улсын тэмцээнд оролцсон сурагчид хүрэл медаль хүртжээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дэлхийн 46 орны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 22 дахь удаагийн тэмцээнд “Монголын ТОЯА” Хүүхэд хөгжлийн академиас амжилттай оролцоод ирсэн сурагчдыг хүлээн авч уулзлаа.

Тэмцээнд 10 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сурагчид оролцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийн өмнөөс тэмцээнд амжилттай оролцсон сурагчид болон “Монголын ТОЯА” Хүүхэд хөгжлийн академийн багш нарт баяр хүргэлээ.

Тэрбээр “”Монголын ТОЯА” Хүүхэд хөгжлийн академи нь Улааанбаатарт 10 салбар, орон нутагт 20 салбартай. Монголын сурагчид Малайзын Куала-Лампур хотод болсон “Цээж тоолол – Соробан сампин”-гийн олон Улсын тэмцээнд оролцож багаараа хүрэл медаль хүртсэн байна. Та бүгдэд баяр хүргэе. Тоондоо сайн хүүхэд бусад хичээлдээ сайн байдаг. Улам их амжилт гаргаарай. Энэ тэмцээнээс Монголын сурагчид ГРАНД Чампион- 1, Чампион- 2, Алтан цом- 20, Мөнгөн цом- 33, нийт багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн байна. Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академийн захирал Зоригоо, тэргүүн Туяа нарт бас баяр хүргэе” гэлээ.

Үүний дараа сурагчдын төлөөлөл гурван сурагч компьютерийн дэлгэцээс 3 оронтой тоог 20 үйлдлээр хэдхэн секундын дотор цээжээр бодож хариуг гаргав. Ингэхдээ тэд сампин хэрэглэлгүй шууд гараараа дохин бодож байлаа.

Олон Улсын 22 дахь удаагийн “Цээж тоолол – Соробан сампин”-гийн тэмцээн Малайзын Куала-Лампур хотод 2017 оны 12 дугаар сарын 10-11-ний хооронд болж Монгол Улсаа төлөөлөн нийт 78 хүүхэд 7 ангилалд оролцож дэлхийн 46 орны 5,000 орчим хүүхэдтэй өрсөлдөж үнэмлэхүй амжилтыг гаргасан юм.


Энэ удаагийн Гранд Чампионы эзнээр Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 5в ангийн сурагч Г.Жамбалдорж тодорч, нийслэлийн сурагч Т.Тэнүүн, А.Мөнх-Эрдэнэ нар чампион болжээ.

“Монголын ТОЯА” Хүүхэд хөгжлийн академи нь 1998 оноос сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2009 оноос “Соробан сампин, баруун тархийг хөгжүүлэх сургалт”-ыг Монгол Улсад анхлан нэвтрүүлж, одоогоор Улаанбаатар хотын 10 салбар, орон нутгийн 20 гаруй салбаруудаараа дамжуулан өндөр чанартай сургалтын үйл ажиллагаагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч туршлагатай хамт олон юм.

Тус академийн сурагчид 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Үндэсний аварга шалгаруулах” тэмцээнийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд шалгарсан суралцагчид Олон улсын уралдаан тэмцээнүүдэд жил бүр амжилтаа ахиулан, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах суралцагчдын тоо өссөөр байна.

СУРАГЧДЫН ГАРГАСАН АМЖИЛТУУД:
2016 оны 1 дүгээр сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгууллагдсан Олон улсын 21 дэх удаагийн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн цэцэрлэг, дунд сургуулийн 5-14 насны 55 сурагчийн хамтаар оролцож, нийт 6 ангилалд манай суралцагчид Гранд Чемпион- 1, Гранпри- 1, Алтан цом- 8 болон мөнгөн, хүрэл цомуудыг хүртэж, оюуны спортын түүхэнд урьд өмнө Монгол Улсаас гаргаж байгаагүй өндөр амжилтыг үзүүлж чадсан.
2015 оны 12 дугаар сарын 5-нд Энэтхэг улсын Дели хотод хотод зохион байгуулагдсан Олон улсын 20 дахь удаагийн дэлхийн 60 гаруй орны 11,000 орчим хүүхэд оролцсон оролцсон “ ABACUS & MENTAL ARITHMETIK” /Олон улсын 20 дахь удаагийн “Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах“/ тэмцээнээс 4-13 насны 30 хүүхэд Алтан цом – 1, Мөнгөн цом- 5 , багаараа хүрэл медаль
2013 оны 12 дугаар сарын 1-нд Малайзын Куала Лампурт зохиогдсон 58 орны 6,000 гаруй хүүхэд оролцсон “ABACUS & MENTAL ARITHMETIK” Олон улсын 19 дэхь тэмцээнд ганцаарчилсан төрөлд 1 хүүхэд мөнгөн медаль, багаараа мөнгөн медаль
2012 оны 12 дугаар сарын 9-нд Малайзын нийслэл Куала Лампурт зохиогдсон 57 орны 5,000 гаруй хүүхэд оролцсон “ABACUS & MENTAL ARITHMETIK” Олон улсын 18 дахь тэмцээнд ганцаарчилсан төрөлд 2 хүүхэд хүрэл медаль, багаараа мөнгөн медаль тус тус хүртжээ.

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …