Өнгөрсөн пүрэв гаригаас хойш 82 орчим сая хүн амтай Иран улсын хэд хэдэн хотод бослого хөдөлгөөн өрнөж 22 хүн амь насаа алдаж 450 гаруй хүн баривчлагдаад байна.
Иран улсад өрнөөд буй бослого хөдөлгөөний улмаас Бехбахан хотод барилгууд шатаж, Машхаад, Гохардашт, Эсламабад-э-Гарбь, баруун хойд зүгийн Табриз хотод бослого эхэлж, баруун өмнө зүгийн Ахвак хотод цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэхэд хүрч, Раштд ард иргэд гранат дэлбэлж, Каражид гал түймэр гарчээ.
Ард иргэд ханшийн өсөлт, авилга болон Засгийн газрыг эсэргүүцжээ. НҮБ дахь Америкийн дипломат төлөөлөгч Никки Халей “Ираны ард түмэн эрх чөлөөг хүсч байна. Иранд эмх замбараагүй байдал үүссэн учраас АНУ НҮБ-ээр онцгой байдал зарлуулахаар төлөвлөж байна” хэмээжээ. Энэ үеэр буруутгагдаад буй Ираны ерөнхийлөгч Хассан Роухани Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой өчигдөр утсаар ярьсан бөгөөд Францын гадаад хэргийн сайдын энэ долоо хоногт Иранд хийхээр төлөвлөж байсан айлчлалыг хойшлуулахаар тохиролцжээ.
Сонгогчид түүнд олон жилийн турш Иранд оногдуулсан хориг арга хэмжээ, эдийн засагт дорвитой арга хэмжээ авч чадна гэж итгэл найдвар хүлээлгээд байсан аж. Ираны гадаад хэргийн сайд Бахрам Гасеми “Ноён Трамп гадаад орнууд руу хэт их чиглэлгүй өөрийн орны сая сая гэр оронгүй, өлсгөлөн хүнээ анхаарах хэрэгтэй” гэжээ.
Ираны дээд удирдагч Аяатолла Али Каменей эх оронд нь үсээд буй үймээн самууны асуудлаар twitter хуудсандаа өчигдөр “Манай улсын сүр хүч, батлан хамгаалал, ахиц, дэвшилд өөрийн амиа хайрлалгүй зүтгэсэн хүмүүсийн гавьяа орсон. Бидний итгэл найдвар халдашгүй дархан билээ. Үүнд дайснууд ч халдаж чадахгүй” хэмээн жиргэжээ.