Өчигдөр Өмнөд Солонгосын амьтны эрхийг хамгаалагчид хоёрдугаар сард болох Пёончаны Олимпын үеэр нохойны махны худалдааг зогсоохыг Засгийн газраас шаардсан талаар Ёонхап агентлаг мэдээллээ.
Амьтдын эрхийг хамгаалах холбооныхон Өмнөд Солонгост нийт 20,000 нохойны ферм байна гэсэн. Хамгийн сүүлд хоёр сая гаруй нохой хүнсний хэрэглээнд орсон гэсэн тооцоо гарчээ. Амьтдын эрхийг хамгаалагчдын зарим нь нохойны хошуувч зүүж үүнд хурдан арга хэмжээ авахыг шаардаж буйгаа илэрхийлсэн аж.
Тус холбооныхон хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Нохой хүний хамгийн сайн анд нөхөр. Бид махыг нь идэх ёсгүй. Солонгосчууд нохойны махны хэрэглээнээс татгалзах ёстой. Махыг нь идэж болохуйц нохойнуудыг гэрийн тэжээвэр амьтдаас ялгах нь утгагүй хэрэг” хэмээсэн. Тэд Засгийн газар нохойны махыг худалдаалахгүй байх шийдвэр гаргавал өвлийн олимпыг зохион байгуулж буй орны хувьд нэр хүндэд сайнаар нөлөөлж, гадаадын амьтдын эрхийг хамгаалагчдын таашаалд нийцэх болохыг ч хэлсэн.
1988 онд тухайн үеийн ерөнхийлөгч Чун Ду-Хван Зуны Олимпыг угтаж нохойны махны хэрэглээг хориглоод байсан. Үүний дүнд нохойны махтай хоол зардаг олон ресторан үүдээ хаасан. Гэвч Олимпын дараа буцаад хэрэглэж эхэлсэн байна.