Монгол характерт суурилсан мөнгө суйлах арга төгөлдөршсөөр байна

Фейсбүүк хаягийг нь ашиглаад найз нөхдөөс нь мөнгө зээлээд, залилан мэхэлсэн гэх хэргүүд үе үе гараад байгаа бололтой. “Хүүе найзад нь мөнгө хэрэгтэй байна” гэхээр “аан за дансаа явуул” гээд сууж байдаг гэнэн цайлган Монгол характер устаж үгүй болоогүй байгаад баярламаар. Ер нь Монголчууд ийм л хүмүүс. Байгаагаа май гэж өгчихөөд дараа нь “за яах вэ. Тэр минь хүнийрхүү зантай болчихож. Буян болог дээ” гээд л сууж байдаг уужуу ухаантай ард түмэн л дээ.

Гэвч энэ зан характер дээр тулгуурлаж мөнгө олдог башир аргатнууд олширсон байна. Яг хэний цахим хаягийг ашиглах уу, яаж нууц үгийг нь мэдэж авах вэ, хэн рүү юу гэж бичвэл мөнгө шилжүүлэх вэ гээд бүгдийг нарийн сайтар тооцоолсон байгааг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөөд байгаа юм.

Тэр агуа ухааныг л өөр зүйлд ашиглачихмаар. Ганцхан хүн хакердаад бусдаас мөнгө нэхээд байгаа юм биш л дээ. Цагдаагийн байгууллагад найздаа итгээд мөнгө зээлүүлтэл өөр хүн байсан гэх “хачин гомдол” цөөнгүй ирсэн байгаа юм. Эндээс л бидний гэнэн цайлган ч юм шиг зан характер маань цухалзаад байна л даа.

Тэгсэн сүүлийн үед нөхдүүд жаахан хартай болж. Хэн бэ, хаанаас вэ, хэзээ вэ, зөвхөн чи бид хоёрын мэддэг нууцыг хэл гэж ирээд л ам асуудаг болсон байна. Яах вэ. Уг нь зөв л дөө.

Харин энийг манай нөгөөдүүл мэдчихээд индиан нэр, ураг удам, учрал тавиланг хэлж өгдөг программ зохиогоод түүгээрээ дамжиж нууц үгийг нь мэдчихээд алж өгч байна гэнэ дээ. Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан “Индиан нэрээ мэдсэн бол нууц үгээ солиорой” гэж бичсэн нь оргүй зүйл биш байх. Тэгэхээр манай хэд л улам чамбайрч, ухаан санаагаа яаж нууц үг олж авах вэ гэдэгдээ уралдуулж байгаа нь энэ бололтой юм. Тэгээд л “…Манай ажлын Жагааг Ирвэсийн савар гэсэн. Миний индиан нэр юу юм бол Жагаагийнхаас л дажгүй нэр байгаасай” гэсэн бас нэг Монгол характер дээр тулгуурлан хөрөнгөжих аргаа сүвэгчилжээ. Дулмаа ирэх жил хаустай болж, хайнаньд аялна гэсэн байсан би юугаараа дутдаг юм гээд л өөрийн фейсбүүк аккаунтаа бүгдэд дэлгэж орхиод л “та дараа жил юутай болох вэ” гэсэн программыг шейр хийж орхих нь тэр.

Бурзай бурзай гэж бичээд баяжихгүй шиг, та дараа жил байртай болно гэдэг үг постлоод байртай болчихгүй. Харин дансан дахь хэдээ алдаж, эсвэл найз нөхөддөө нэр хүндгүй болж магад. За тэгэхээр Монгол характер суурилсан мөнгө суйлах аргууд улам л төгөлдөршсөөр байгаа шүү гэдгийг л анхааруулах гэсэн юм.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …