Энэ жил Америк болон Европын зарим улсад их хэмжээний цас орж, онц байдал зарлаад байна. Цас ихээр орсны улмаас АНУ-ын баруун болон хойд нутаг цасанд дарагдаж, өдөртөө -20 хэм хүрч хүйтэрсэн тухай мэдээлэл цацагдаж байна. Флорида мужийн Таллахасси хотод сүүлийн 29 жил ороогүй цас орж, 2.5 см цасан бүрхүүл тогтжээ. Зарим бүс нутагт их хэмжээний цас унаснаас болоод дунд сургуулийн сурагчдын амралтыг сунгасан байна. 2014 оны нэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Чикаго, Бостон хотод их хэмжээний цас орсны улмаас онц байдал зарлаж байсан юм.
Тэгвэл Австралийн Сидней хотод сүүлийн 79 жилд тохиогоогүй их халуун болж, агаарын температур цельсийн 47.3 хэм хүртэл халжээ. 1939 оны өвөл ийм халалт ажиглагдаж байсан гэдгийг Цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.
Хэт халалтаас болж гал түймэр гарах аюултай тул, сэрэмжлүүлэг гаргаж тэмдэглэлт үйл ажиллагаануудыг цуцалсан байна. Австралид 2016 оны арванхоёрдугаар сараас 2017 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд хэт халж, их хэмжээний гал түймэр гарч, ихээхэн хохирол учруулсан байдаг.
Америк болон Европын орнуудад хүйтний эрч чангарч, өвдөг давсан цасан дунд, бүдчин алхаж байгаа бол Австраличууд хэт халууныг даван гарахаар далайн эрэг бараадаж байна.
Г.Нараа