Цэргийн эргэлт болж албан тушаалаас нь огцруулсан Тайландын Ерөнхий сайд асан Ийнглак Чинават өнгөрсөн онд Их Британиас орогнол хүсч байгаа талаар мэдээлэл тарсан.
Үүний дараа удалгүй Арабын Нэгдсэн Эмиратийн эрх баригчид Ийнглак Чинаватыг Дубайгаас Их Британи руу дүрвэсэн болохыг Тайландын Засгийн газарт мэдэгдсэн талаар Тайландын цагдаагийн комиссар мэдээлсэн юм. Түүнийг Лондон хотод амьдарч байгаа нь батлагдсан, өөр улсын паспортоор тус улсад амьдарч байх магадлалтай талаар Тайландын Гадаад хэргийн сайд Дон Праматвинай мэдээлсэн.
Гэхдээ И.Чинават хотын яг хаана нь байгаа нь тодорхой бус байгаа. Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сард хил давсан гэж үзэж байгаа. Тайландын дээд шүүх төрд их хэмжээний хохирол учруулсан, цагаан будааны хөтөлбөрийг зохицуулах тал дээр анхаарал тавьж ажиллаагүй, үл ойшоосон үндэслэлээр түүнд таван жилийн хорих ял оноосон юм.
Гэвч тэрээр шүүхээс оноосон ялыг цэргийнхэн тэргүүлсэн Засгийн газрын зохиомол үйл ажиллагаа, энэ бол улс төрийн зорилготой асуудал гэж үзсэнээ илэрхийлсэн. И.Чинават тухайн үед товлогдсон дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй.
Дубай, Лондон хоёр нь Ийнглак Чинаватын ах, Тайландын экс ерөнхий сайд Таксин Чинаватын орогнол ирж очсон газрууд юм. Тайландын шүүх мөн л Таксин Чинаватад ял оноосон.