Санта Барбарад шаварлаг үер бууж 17 хүний амь эрстжээ

Өчигдөр Өмнөд Калифорнийн Санта Барбара хотын “Montecito” дүүрэгт нэг цагийн турш бороо орон, шаварлаг үер болж их хэмжээний гарз хохирол учирчээ. 17 хүний амь эрстэн, хэдэн 10 хүн ор сураггүй болж, 100 орчим байшин барилга сүйджээ.

Бэртсэн хүмүүс дунд нярай хүүхэд байсан аж. Нутгийн иргэн Жонсон эхнэр Карены хамт хүүхдийг эмнэлэгт хүргэжээ. Жонсон хэлэхдээ “Бид хоёр бороо орсны  дараа жаахан хүүхэд уйлж байхыг сонсоод үерт автсан байшингийнхаа дээврээс буусан. Доош бууж гал сөнөөгчид шалбаагнаас хүүхдийг гаргаж аманд нь орсон шаврыг гаргахад тусалсан. Тэгээд түүнийг хурдан эмнэлэгт хүргэсэн. Бид түүнд тусламж үзүүлээгүй байсан бол тэр амиа алдах байлаа” гэжээ.

Одоогийн байдлаар 50 гаруй хүнийг авраад байна. Хэд хэдэн замыг хаасны дотор жолоочид байнга явдаг “Highway 101” зам байгаа агаад ирэх даваа гариг хүртэл нээхгүй.

Калифорни мужийн гал командын хэвлэлийн төлөөлөгч Крис Элмс “Бид шуурхай ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Энэ аврах ажиллагаа амжилттай болно гэж найдаж байна” гээд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгааг сануулсан.

Энд алдартай олон хүн амьдардгийн дотор жүжигчин Роб Ловь, ярилцлагын шоуны Эллен Деженерес, Опра Вимпри нарын гэр байдаг. Опра 12 сая дагагчтай instagram хуудсандаа ойр орчин хэрхэн сүйдсэн байгаа талаар бичлэг оруулж “Санаа зовниж, залбирч буй хүмүүст баярлалаа. Гамшигт ноцтойгоор өртөж хүнд байдалд ороод байгаа ойр хавийнхан, хөршүүдтэйгээ харьцуулахад манай байшин зүгээр” гэж бичжээ.

Өнгөрсөн сард Санта Барбарад гарсан гал түймрийн улмаас их хэмжээний хохирол учирсан юм.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …