Нэн Хаузер хэмээх 63 настай биологич, судлаач эмэгтэйг нэгэн халим ойролцоогоор гурван метр урт махчин загаснаас хамгаалсан талаар “The Independent” сонин мэдээлэв. Энэ хэрэг Номхон далайн өмнөд хэсэгт Кука арлаас холгүй болжээ.
Халимны дэргэд сэлж байсан Н.Хаузер өөр рүү нь том махчин загас дөхөж байгааг анзаараагүй байна. Энэ үед халим Н.Хаузерийг сэрвээгээрээ халхлан, түүнийг хамгаалж байжээ. Энэ хэрэг арав гаруй минут үргэлжилжээ. Н.Хаузерийн ярьснаар, түүний ойролцоо бас нэгэн халим байсан бөгөөд бас л махчин загасыг холдуулахыг оролдож байжээ. Тэрбээр бэртэж гэмтэх, живж үхэхээс айж байсан хэдий ч аль болох тайван байхыг хичээсэн байна.
“Халимд амьтдыг хамгаалах зөн совин байдгийг энэ хэрэг нотлон харууллаа” хэмээн Н.Хаузер ярьсан байна.
Э. Аянзаяа
montsame.mn