З.Отгонбаяр:Төрийн ордонд биш, утаатай бүст очиж гадаа нь хурлаа хиймээр байна

“Утааны эсрэг аав ээжүүд” төрийн бус байгууллагаас өнөөдөр Д. Сүхбаатарын талбайд “Хэвтээ жагсаал” зохион байгууллаа. “Хэвтээ жагсаал”-д оролцсон иргэд төр засгаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудалд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учир чимээгүй хэвтээ жагсаалд нэгдлээ гэдгээ хэллээ.

“Хэвтээ жагсаал”-ын үеэр УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү“Бид нар “Хэвтээ жагсаал”зохион байгуулж байхад улс төрчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөөд зогсож байна. Харин өнөөдөр бидний амьдралд ёслолын арга хэмжээ хийгээд зогсож байх үе байна уу?Бид нар угаартаж үхэх гэж байна шүү дээ. Өнөөдрийн зохион байгуулж буй жагсаал нь утааны улмаас олон иргэд нас барж байна шүү гэдгийг сануулж зохион байгуулсан. Тус хэвтээ жагсаалд өнөөдөр 500 гаруй иргэд нэгдлээ. Анх бид нар 50 гаруй л хүмүүс ирэх байх гэж бодсон, харин иргэд маань идэвхтэй оролцлоо. Улс төрчид утааг арилгах асуудал дээр дүр эсгэсэн биш яг жинхэнээсээ бодитой ажил хийгээсэй гэж хүсч байна. Тийм учраас утааны эсрэг арга хэмжээ зохион байгуулсаар байгаа юм. Утааг бууруулах асуудалд дорвитой арга хэмжээг авахгүй бол дахин жагсаал зохион байгуулна гэж бодож байгаа. Яагаад вэ гэвэл УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь утаатай тэмцэнэ гэж хэлсэн хирнээ яг одоо ямар арга хэмжээ аваад байгаа нь харагдахгүй байгаа юм. Хаана байна тэр орон сууцжуулах нийгмийн хөтөлбөр, түрээсийн орон сууцны бодлого, шийдсэн юу ч байхгүй байна. Энэ мэтчилэн томоохон асуудлуудыг шийдээгүй байж шууд л 47-50 мянган ширхэг халаагуур тараана гэж ярьж байгаа нь бидэнд эргэлзээ төрүүлж байна” гэж мэдэгдлээ.

Харин Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэн З.ОтгонбаярУтаатай тэмцэх эхлэхээсээ өмнө иргэдийгээ ажлын байраар хангамаар байна. Ингэснээр иргэд орлоготой болж, зээлээр орон сууцанд орохоос илүү өөрийн мөнгө төлөөд орон сууцанд ордог иргэдтэй болмоор байна. Бид ядуу сэтгээд, амьдраад байх биш, баян сэтгээд сайхан амьдардаг болмоор байна. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд утааны асуудлаар хуралдаан хийхдээ төрийн ордонд биш, утаатай газар очиж гадаа нь хурлаа хиймээр байна. Эрх мэдэлтнүүд иргэдтэйгээ хамт биеэрээ утааг амталж үзэх хэрэгтэй. Утааны улмаас иргэдийн эрүүл мэндэд хохирол учирч байна. Эрүүл, орлоготой Монгол Улсын иргэдийг бий болгомоор байна шүү дээ. Ерөнхийлөгч, ард түмэнтэйгээ нэгдэж жагсаалд оролцож, утаанаас салах гарцаа хайх хэрэгтэй. Ерөнхийлөгч бол ард түмнээсээ сонгогдсон учир уг жагсаал хамгийн түрүүнд ирэх ёстой” гэлээ.

Г.Нараа

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …