Шахатууны үнийг нэмж, зохиомлоор хомсдол үүсгээд буй зарим аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж байгаа. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад шатахууны 41 хоногийн нөөц байгаа учраас хомсдол үүсэх боломжгүй гэж ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мэдэгдэж байна.
Тэрээр “төр, хувийн хэвшлийн оролцоотой хамтарсан зөвлөл шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэд өөрчлөлт оруулж, улмаар хомсдол үүсгэсэн зарим аж ахуйн нэгжид хариуцлага тооцно. Тухайлбал, Магнай трейд, Сод Монгол, Тэс Петролиум зэрэг компаниудыг шалгаж байгаа бөгөөд удаа дараа хууль зөрчиж, Засгийн газрын шийдвэр, тогтоолыг үл тоосон учир тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд албан бичиг хүргүүлсэн” гэж мэдэгдлээ.
Өнгөрөгч хугацаанд шатахуун импортлогч зарим аж ахуйн нэгжүүд АИ92 шатахуун болон дизель түлшний үнэд өөрчлөлт хийгээгүй мөртлөө бусад шатахууны үнэд өөрчлөлт оруулсан. Энэ нь тэдний зальжин арга. Үнийн зөвлөл шийдвэр гаргаагүй нөхцөлд ямар ч шатахууны үнийг нэмэх ёсгүй. Гэтэл ийм тохиолдлууд гарсан. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй нь ярихаас аргагүй хүрсэн тухай албаны хүн мэдээлж байна.
Роснефть орж ирэх эрх зүйн орчин бүрдээгүй
Мөн Монголд Роснефть өөрийн салбарыг нээн ажиллуулах ямар ч боломжгүй гэдгийг тэрээр хэллээ. Газрын тосны хуулийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналт дахь нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэсэн заалт байдаг байна. Тэгэхээр энэ хуульд өөрчлөлт оруулж байж л Роснефтийн салбар манайд нээгдэх эсэх асуудлыг ярих боломжтой аж. Түүнээс өмнө газрын тосны хуулиар хүлээсэн үүргээ дотоодын аж ахуйн нэгжүүд хүлээж, хариуцлагатай ажиллахыг санууллаа.